Их газрын чулуунд нутгийн иргэдэд түшиглэсэн говийн морин аяллыг хөгжүүлж буй Ө.Мөнх-Амгалан
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сум дахь Их газрын байгалийн цогцолборт газарт болсон "Уяхан замбуутивийн наран" урлагийн их наадмын үеэр "Их хишигтэн" говийн морин аяллын санаачлагч, зохион байгуулагч Ө.Мөнх-Амгалантай уулзаж ярилцлаа.
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат тэрбээр энэхүү их наадмын үеэр 60 гаруй морьтой нутгийн иргэдийн багийг зохион байгуулан, наадмыг үзэж сонирхохоор ирсэн хүмүүст морь унуулах, зураг авахуулах зэргээр үйлчлээд буцсан юм. Анх 2020 морин аяллын багаа зохион байгуулж, Говь-Угтаалаас Их газрын чулуу хүртэл 40-50 км газарт хоёр өдөр, нэг шөнийн аялал хийж үйл ажиллагаагаа эхэлжээ.
"Их газрын чулууг түшиглэсэн нутгийн иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэхүү морин аяллын багийг байгуулсан. Манай нутгийн адуутай айлуудаас аяллын багт морьдоо бэлтгэж ирж оролцдог. Анх аялагчид тохирсон номхон морь ховор, ихэнх айлын адуу эмнэг догшин талдаа байлаа шүү дээ. Нэг ёсондоо иргэд адуугаа уналга эдэлгээнд хэрэглэх нь багассан байсан гэсэн үг. Энэ аяллын үр дүнд одоо айлууд адуу малаа сургаж, хүүхэд залуус адуу малтай ноцолдох нь идэвхжсэн. Ингэхээр морьд нь номхорч уналга эдэлгээндээ дасаж байна. Нутгийн залуус голдуу хүмүүс морь малаа бэлтгээд аяллын багийн гишүүн больё гээд ирдэг боллоо. Аялагчдад унуулах номхон морьд ч хангалттай болсон.
Зохион байгуулалтын хувьд аялагч болон тэднийг хариуцах хүмүүсийг 5+5 хүн буюу эртний Монголын цэргийн Аравтын системд хувааж, 10 хүнтэй багт нэг ахлагч дундаас нь томилж, тодорхой үүрэг даалгавар, зөвлөмж чиглэлийг өгөөд аялалд явуулдаг. Аравтын дарга нь бусад аялагч болон тэдэнд тусалдаг зохион байгуулагч нараа удирдаад явдаг. Өөрөөр хэлбэл, таван аялагчийг таван туслагч аваад аялалд явна, тэд нийлээд нэг гал гэсэн үг. Нэгэнт эртний монгол цэргийн зохион байгуулалттай учраас аялалд оролцогч болон тэднийг хариуцаж явах хүмүүс монгол дээл, хувцсаа өмсөж, борц, айраг цагаа гэх мэт монгол хоол хүнс бэлтгээд явна. Аяллын явцад хээр буудаллаад, хээрийн хоол цай хийж идээд, хээр хонож, өглөө босоод морь руугаа эмээлээ үүрэх юм уу тэврээд явах жишээтэй. Бас аялж явах замдаа үйлчлүүлэгч нар маань морь малтай харьцаж, адууны соёлд суралцана. Гал дотроо айраг уух, хуруу гаргах, дэмбээдэх, сайхан морьтой хос шалгаруулах гэх мэтээр монгол ёс заншлаа сурч мэдэж, тэмцээн уралдаан хүртэл зохион байгуулна. Аяллын үр дүнгээр шилдэг гал буюу Аравтыг шалгаруулна.
Аялагч үйлчлүүлэгчид маань энэ аяллаас монгол ёс заншлын тодорхой мэдлэгтэй, эртний монгол цэргүүд ийм зохион байгуулалттай, цэрэг дайндаа ингэж явдаг байсан юм байна гэсэн ойлголттой бууна. Таалагдвал дахиж ирээд "монгол морьт цэрэг" болж болно. Аялагч үйлчлүүлэгчээс олсон орлогоо тэдэнд тусалж, мориороо үйлчилж явсан нутгийн иргэд өөрсдөө авна. Морин аяллын үйлчилгээний хөлс нь нэг өдрийн 100.000 төгрөг байдаг. Засгийн газраас нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн зарласан. Манай энэ морин аялал чинь яг тэр нутгийн иргэдэд түшиглэсэн, тэднийг дэмжсэн аялал жуулчлалын үйлчилгээ юм шүү дээ.
Одоохондоо бидний морин аяллын багийн ажил эхлэл төдий байна. Үйлчлүүлэгч буюу морь унаж аялахыг хүссэн хүмүүс маань Улаанбаатар болон аймгийн төвүүдэд суудаг нутгийн уугуул ирдэг голдуу байдаг. Цаашид бидний аялал улам өргөжиж, үйлчлүүлэгч олноороо ирдэг болно гэдэгт итгэлтэй байгаа. Энэ зорилгоор Их газрын чулуунд саяхан цөөн гэртэй аялал жуулчлалын бааз байгуулсан. Түүнийгээ түшиглэж говийн морин аяллаа улам хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Энэ ташрамд дурдахад, манай Их газрын чулуунд одоохондоо аялал жуулчлал бараг хөгжөөгүй, ганцхан жуулчны баазтай, түүнд нь цөөн тооны мэддэг хүмүүс нь л ирдэг, дөрвөн жилдээ нэг удаа "Уяхан замбуутивийн наран" урлагийн их наадам болдог, бусад үед нь эзгүй зэлүүд байдаг. Гэтэл ямар сайхан байгалийн үзэсгэлэн цогцолсон газар билээ дээ. Аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой, зам харилцааны хувьд тийм хэцүү биш, аймгийн төв болон Улаанбаатараас ирж, буцахад ойрхон байрлалтай. Аялал жуулчлал хөгжих боломжтой энэ орон зайг нөхөж ажиллахыг зорьж байна" хэмээн Ө.Мөнх-Амгалан ярилаа.
Ийм нэгэн залуу говийн морин аяллыг санаачилж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж явна. Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Энэ хүрээнд "Их хишигтэн" говийн морин аялал улам дэвжин аялал жуулчлалын нэг брэнд болох болтугай.
Гэрэл зургийг Б.Чадраабал