“Луна-25” мэдээллүүд илгээж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА./ТАSS/.
Дэлхийн дагуул Сарыг чиглэн нисэж буй "Луна-25" автомат станцын судалгааны багаж хэрэгсэл, төхөөрөмжүүдийг ажиллуулж эхэлсэн тухай “Роскосмос” корпорац ням гарагт мэдээллээ.
"Өнөөдөр ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн
бүтээсэн судалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг анх удаагаа сансрын нислэгийн нөхцөлд асаалаа. Авсан мэдээллүүд нь төхөөрөмжүүд байнгын ажиллагаатай байгааг харуулж байна" гэж мэдээлэлд дурджээ.
Ингэснээр сансрын
нислэгийн үед хийсэн хэмжилтүүдийн талаарх эхний мэдээллүүдийг хүлээн авсан эрдэм шинжилгээний баг тэдгээрийг боловсруулж эхлээд байна.
"С.А.Лавочкины нэрэмжит Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдэлд (Роскосмос корпорацын бүрэлдэхүүнд багтдаг) бүтээсэн “Луна-25” автомат станц Дэлхийн хиймэл
дагуул руу хийж буй нислэгээ үргэлжлүүлсээр байна. Автомат станцын бүх систем хэвийн
ажиллаж, харилцаа холбоо тогтвортой, түлшний баланс эерэг байна " гэж мэдээлэлд дурджээ.
"Луна-25" автомат станцыг "Союз-2.1б" зөөгч пуужингаар наймдугаар сарын 11-нд “Восточный” сансрын буудлаас хөөргөсөн юм. Уг станц наймдугаар сарын 16-нд Сарны тойрог замд орж, улмаар 21-ний өдөр Саран дээр зөөлөн газардах
төлөвтэй байна.