Усан үзмийн өвчнийг илрүүлэхэд НАСА тусалж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /NASA/. "Кабернет совиньон" гэдэг сортын усан үзмийн ороонгоны халдварын шинж тэмдгүүдийг хүний нүдэнд харагдахаас өмнө илрүүлэх кейсийн судалгааг эрдэмтэд хийжээ.
Хөгц,
үндэс ялзруулагч бактери,
вирус болон бусад ургамлын өвчин
үүсгэгчид нь дэлхий даяар жил бүр хураан авч буй ургацын 15-30 хувийг устгадаг тул тэдгээрийг эрт илрүүлэх нь чухал ач холбогдолтой.
Өмнөд Калифорни дахь НАСА-гийн тийрэлтэт хөдөлгүүрийн
лабораторид (JPL) зохион бүтээсэн агаарын багажийг ашиглан судлаачид жил
бүр олон тэрбум долларын хохирол учруулдаг усан үзмийн өвчний нууцлаг
шинж тэмдгүүдийг нарийвчлан илрүүлж чадсан байна.
"JPL" болон Корнеллийн их сургуулийн судлаачид усан
үзмийн модны навчийг өвчлүүлдэг “GLRaV-3”(багц вирус-3) хэмээх вирусийн өвчинд шинэ кейс судалгаа хийжээ.
Шавжаар голчлон тархдаг “GLRaV-3” нь ургацыг бууруулж, усан үзмийн исгэлэн амтыг багасгадаг учраас Америкийн дарс, усан үзмийн үйлдвэрлэлд жил бүр ойролцоогоор 3 тэрбум долларын хохирол учирдаг. Энэ өвчнийг илрүүлэхэд хөдөлмөр их шаарддаг бөгөөд ихэвчлэн усан
үзмийн модыг судалж шилтэй дарс бүрт өртөг ихтэй молекулын туршилт хийж байж илрүүлдэг.
Судалгааны баг “GLRaV-3” халдварыг эрт үед нь агаараас илрүүлэхийн тулд НАСА-гийн шинэ үеийн хэт улаан туяаны
спектрометр (AVIRIS-NG) ашиглан судалгаа
хийжээ. Энэ төхөөрөмжийн
оптик мэдрэгч нь нарны гэрэл ба химийн бодисын хоорондын харилцан үйлчлэлийг бүртгэдэг бөгөөд уг төхөөрөмжийг
ой хээрийн түймэр, газрын тосны олгойдолт, хүлэмжийн хий, агаарын бохирдол зэрэг үзэгдлийг хэмжиж, хянахад ашигладаг.
Судалгааны багийнхан нисэх онгоцны доод хэсэгт
суурилуулсан “AVIRIS-NG” төхөөрөмжөөр Калифорни муж улсын Лоди хот орчмын ойролцоогоор 11,000 акр
(4450 га) усан үзмийн талбайд агаараас ажиглалт хийжээ. Энэ бүс нутаг бол Калифорни муж улс дахь дээд зэрэглэлийн усан
үзэм тариалдаг газар юм.
Судлаачид халдваргүй болон халдвартай усан үзмийн модыг шинж
тэмдэг илрэхээс өмнө болон дараа нь ялгаж, өвчилсөн эсэхийг нь хамгийн өндөр үзүүлэлттэйгээр буюу 87 хувийн нарийвчлалтайгаар тогтоожээ. “GLRaV-3”-ийг эрт илрүүлснээр
усан үзмийн тариаланчдад нэг жилийн өмнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай болохыг анхааруулна.
Судалгааны багийн ахлагч Фернандо Ромеро Галван уур амьсгалын өөрчлөлтийн энэ цаг үед тогтвортой газар тариалангийн асуудал урьд өмнөхөөсөө илүү
чухал ач холбогдолтой болж буйг онцлон тэмдэглэсэн юм. “Ургамлын өвчнийг алсын зайнаас тандан судалж эрт илрүүлэх эдгээр шийдлүүд
нь тариаланчдад мэдээлэлд
тулгуурласан, тогтвортой менежментийн шийдвэр гаргахад тусална" гэж ярьжээ.
"JPL"-ийн судалгааны технологич, хамтран зохиогч Райан Павликийн хэлснээр "энэ судалгаа нь Калифорнийн нэг
бүс нутагт зөвхөн нэг л өвчнийг судалсан кейс судалгаа юм. Бидний эцсийн зорилт бол дэлхийн бүх тариаланчдад туслахын тулд газар тариалангийн
олон төрлийн өвчнийг судлах явдал юм" гэжээ.