ХЭНТИЙ: Сумдыг нэгдсэн халаалт, цэвэр, бохирт холбох төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Сумдын усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээ төслийг улсын төсвийн 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар найман сум, нэг тосгонд хэрэгжүүлж байна.
Тодруулбал, Норовлин суманд цэвэр усны эх үүсвэрийн байгууламж, цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил хийгдэж байгаа бол Дадал суманд бохирын шугамын угсралт, цэвэрлэх байгууламжийн ажил өрнөж байна.
Харин Баян-Адарга, Цэнхэрмандал, Норовлин суманд цахилгааны ажил хийгдэж дууссан. Одоо Баян-Овоо суманд цэвэр усны эх үүсвэрийн барилгын ажил хийгдэж байна. Баянхутаг, Дэлгэрхаан, Мөрөн суманд эх үүсвэрийг холбохоор хүлээж байгаа бол Бэрх тосгонд бохир усны насос станцын барилгын зоорийн давхрын хана хучилтын бетон цутгалт, Биологи цэвэрлэгээний барилгын нил суурийн арматур зангидах ажил хийгдэж байгаа аж.
Мөн Баянмөнх суманд аж ахуйн нэгж, айл өрхөөс гарах ахуйн бохир усыг хүлээн авч хоногт 50.0 м3 усыг цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байгаа юм.