БНХАУ-ын шинэ Гадаад хэргийн сайдыг АНУ-д айлчлахыг албан ёсоор урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-02 08:41:47

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ БНХАУ-ын шинээр томилогдсон Гадаад хэргийн сайд Ван И-г Вашингтонд айлчлахыг албан ёсоор урьсан талаар Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэтт Миллер мягмар гарагт мэдээллээ.


Өнгөрсөн долоо хоногт Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга Ван И Гадаад хэргийн сайдын албан тушаалд дахин томилогдсон юм. Түүний өмнө уг албыг хашиж байсан Чинь Ган сүүлийн сар гаруйн турш олны өмнө гараагүй байна. Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Чинь Ган эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.


“АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын туслах Дэниел Критенбринк, Хятадын Гадаад хэргийн яамны Хойд Америк, Далайн орнуудын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Ян Тао нарын Төрийн департаментын байранд хийсэн уулзалтын үеэр дээрх урилгыг хүргүүлсэн” гэж М.Миллер хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен зургаадугаар сарын 18-нд Чинь Гантай Хятадад уулзсан юм. Энэ нь Америкийн топ дипломатчийн сүүлийн таван жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал болсон юм. Төрийн департамент хоёр талын уулзалтыг “илэн далангүй, ажил хэрэгч, гүн гүнзгий агуулгатай болсон” хэмээн тодорхойлсон бөгөөд Э.Блинкен хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр Чинь Ганыг Вашингтонд айлчлахыг урьсан билээ. 

相关新闻