Гадаадын жуулчдын аялал Гандантэгчинлэн хийдээс эхэлдэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд манай улс өдөрт 4800 гаруй жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Өнөөдөр өдөрт 3739 жуулчин ирж буй байдлаар дээрх зорилт 77.27 хувьтай байгааг Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээлж байна.
Монголд ирж буй гадаадын жуулчдын 50-60 хувь нийслэл Улаанбаатар хотоор орж, хөдөө, орон нутаг руу дамжин өнгөрдөг аж. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирсэн гадаадын жуулчдын аялал бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийг үзэж сонирхохоос эхэлдэг. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан Улаанбаатарын хоттой танилцах аялал жуулчлалын маршрутад цаашлаад:
- Д.Сүхбаатарын талбай,
Чингисийн хөшөө,
- “Чингис хаан”-ы музей,
- Монголын Үндэсний түүхийн
болон Богд хааны музей,
- Занабазарын музей тус
тус орж үздэг.
Мөн “Говь” зэрэг ноолуурын үйлдвэрүүдээр орж худалдан авалт хийдэг.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотоос жуулчдын очих нэг маршрут газар нь Монгол адууны өвөг гэгддэг тахь нутагшиж буй Хустайн байгалийн цогцолбор газар болоод байгаа.
Зуны улиралд:
-Монголын Үндэсний баяр
Эрийн гурван наадмыг үзэж сонирхдог.
-Горхи-Тэрэлжийн байгалийн
цогцолборт жуулчид өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд болох домогт Мэлхий
хад, Зуун ламын агуйг үзэж сонирхдог.
-Мөн Төв аймгийн Эрдэнэ
сумын нутаг дахь Цонжинболдог хэмээх дэлхийд хамгийн том Чингис хааны хөшөөт
цогцолборыг үзэн аялдаг.
-Наймдугаар сард Хүй долоон
худагт Даншиг наадам, Хүрээ цамын ёслол болдог.
Ковид-19 цар тахлын өмнөх жил 2019 онд Улаанбаатар хотод 452.957 жуулчин иржээ.
Өвлийн улиралд:
-“Улаанбаатарын өвлийн
наадам”,
-“Бүргэдийн баяр”-ыг
сонирхдог.
-Мөн очих газрын нэг нь Улаанбаатар хотын төвөөс 13 км-ын зайд, Богд ууланд байрладаг цанын “Sky Resort” бааз юм. Тус бааз нь чарганы замыг оруулаад 6000 метр урт, мэргэжлийн түвшний цанын 9 замтай, нэг зэрэг 1500 хүнд үйлчилдэг.
Улаанбаатар хотод ирсэн жуулчид түүх, соёл, урлагийн газруудаар орж танилцах аялалд их хамрагддаг бол хөдөө, орон нутагт аялж буй жуулчдын хамгийн их сонирхдог нь нүүдлийн соёл, малчдын ахуй байдаг аж.
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам:
Монголын шашин соёлын томоохон баяр наадам Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залсан үеэс эхлэлтэй.
Тус наамдын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиодог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болдог.
“Даншиг наадам-Хүрээ цам ”-ыг энэ жил наймдугаар сарын 5, 6-нд хоёр өдрийн турш зохион байгуулна.