“Barbie” тасалбарын борлуулалтаараа дахин тэргүүлж, “Oppenheimer” удаалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-07-31 09:34:44

НЬЮ-ЙОРК. /AP/. Дэлхий дахинд “Barbenheimer” хэмээн нэрлэгдэж буй “Barbie”, “Oppenheimer” уран сайхны кинонууд нээлтээ хийгээд долоо хоногийн хугацаа өнгөрч байгаа ч үзэгчдийн анхаарлыг ихээхэн татсан хэвээр байна.


Америкийн найруулагч Грета Гервигийн “Barbie” өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн зах зээлээс 93 сая ам.долларын орлого олсноор “Box Office”-ын жагсаалтыг дахин тэргүүлсэн бол Британи, Америк гаралтай найруулагч Кристофер Ноланы “Oppenheimer” 46.2 сая ам.долларын орлого олсноор дэд байраа хадгалжээ.


Түүнчлэн “Barbenheimer” гэгдэж буй хоёр киноны дэлхий дахины кинотеатруудаас олсон орлогынх нь хэмжээ хэдийнээ нэг тэрбум ам.долларын босгыг даваад байгаа бөгөөд “Barbie” дэлхийн зах зээлээс 775 сая ам.доллар, “Oppenheimer” 400 сая гаруй ам.долларын орлого олоод байна.


Харин өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн томоохон кинонуудын нэг болох “Walt Disney” компанийн “Haunted Mansion” уран сайхны кино “Barbenheimer”-ын “бараа сүрэнд дарагджээ”. Ойролцоогоор 150 сая ам.долларын өртгөөр бүтсэн тус кино эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 24 сая, олон улсын зах зээлээс 9 сая ам.долларын орлого олсон байна. 

相关新闻