Орхон аймагт үерийн нэгдсэн далан барихад 6.2 тэрбум төгрөг шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-14 16:57:44
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын дэд бүтэц, хот байгуулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Батжаргал “Хотын захирагчийн алба”-ны ажилтай танилцлаа. Тус алба хотын гэрэлтүүлэг, ухаалаг худаг, “МОН 2301” төсөл, цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн талаар мэдээлэл хийлээ.

Орхон аймагт “Ухаалаг худаг” төсөл нь 2015 онд эхэлсэн бөгөөд гэр хорооллын  77 худгаас  72-т нь ухаалаг систем суурилуулаад байна. Үүний 38-д нь халаалтын төхөөрөмжийг суурилуулах ажил одоогоор хүлээгдээд байна.  Худгуудад шинэ төхөөрөмж суурилуулж буй гол шалтгаан нь усны алдагдлыг багасгахад оршиж байгаа юм. Тодруулбал, өмнө нь Ус түгээх байруудад ажиллаж байсан ажилтанд зарцуулах цалин, цахилгаанд  жилд дунджаар 5 сая төгрөг зарцуулдаг байсан бол ухаалаг системд шилжсэнээр нэг худаг жилд 240 мянган төгрөгийн ашигтай ажиллаж байгаа ажээ. Харин хотын үерийн нэгдсэн далангийн хувьд анхаарах асуудал байгаа гэж Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал хэллээ. Тодруулбал, үерийн нэгдсэн далан барихад шаардлагатай зураг төсвийг “ЭКОС” ХХК боловсруулж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн гэнэ.  Энэ ажилд 160 орчим сая төгрөгийг зарцуулсан бөгөөд үерийн хамгаалалт, суваг шуудуу барихад шаардлагатай 6.2 тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт суулгах боломжтой гэж үзэж байна. Тиймээс ЭКОС” ХХК-ийн боловсруулсан зураг төсөвт шаардлагатай зарим өөрчлөлтийг ойрын үед хийхээр ажиллаж байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻