ДОРНОГОВЬ: “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгээр эхэлсэн Дорноговийн наадам

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-28 14:58:32

Сайншанд /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 102 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 92 жил, Соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн  ойн баяр наадам өчигдөр “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгээр эхэллээ.


Ноён хутагтын амьдралыг түүний бага залуу нас хийгээд нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөөлсөн оюуны бүтээл туурвилтай нь хослуулан бүжиг хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн нь шинэлэг бөгөөд сонирхолтой болжээ. "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийг аймгийн цэнгэлдэх хүрээлэнд анх удаагаа гадаа тоглосон бөгөөд говь нутгийнхан хийгээд хол ойроос ирсэн зочин гийчэд тухлан үзсэн юм.


Бүжгэн жүжгийн гол болон туслах дүрүүдийг Үндэсний урлагийн их театрын жүжигчид, “Саран хөхөө” театрын уран бүтээлчид хамтран бүтээсэн юм. Х.Ганбаатар санаачилж, цомнолыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Л.Эрдэнэбат, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, бүжиг дэглээчээр Х.Хашхүү, продюсороор УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан ажиллажээ.

Ноён хутагтын түүхт ойн баяр наадмын  нээлтийн эхлэл бүжгээр эхэлж үйл явдал өрнөл, төгсгөл мөн л бүжгээр төгссөн нь Дорноговь нутаг бүжгийн эх орон гэсэн өвөрмөц онцлогийг илүү харуулах гэсэн найруулагчийн санаа байлаа.


Нээлтийн үйл ажиллагааг “Саран хөхөө” театрын захирал, МУСТА Э.Идэрболд найруулсан аж. Үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, улсын харцага А.Цацабшир тэргүүтэй 128 бөх барилдаж байна.


Соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд олон бүтээн байгуулалт өрнүүлж цэнгэлдэх хүрээлэнгээ тохижуулж, захин засварлаж үзэгч, наадмын тав тухыг хангаснаас гадна хүүхдийн парк ашиглалтад оруулжээ. Өнөөдөр наадмын үдэш “Авшиг шингэсэн аялгуу” шоу тоглолт болж баяр наадам маргааш үргэлжилнэ.   


相关新闻