Ирландын алдарт дуучин Шон О'Коннор таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-27 10:47:52

ЛОНДОН. /ВВС/. Ирландын алдарт дуучин Шон О'Коннор 56 насандаа таалал төгссөн талаар гэр бүлийнхэн нь лхагва гарагт мэдээлжээ.


Түүний нас барсан шалтгааныг олон нийтэд мэдээлээгүй байна.


Шон О'Коннор нь 1990 онд гаргасан "Nothing Compares 2 U" дуугаараа алдартай бөгөөд энэ дуу нь хит дуунуудын жагсаалтыг тэргүүлж, дэлхий даяар алдар нэрийг авчирсан юм.


Тэрбээр 1966 оны 12 дугаар сард Дублин мужийн Гленажери хотод төржээ.


1987 онд гаргасан The Lion And The Cobra” нэртэй анхны цомог нь Их Британи, АНУ-ын шилдэг 40 цомогт багтсан юм. 1987-2014 оны хооронд Шон О'Коннор нийт 10  цомог гаргасан байна. 


Олон нийтийн сүлжээ болон хэвлэлүүдээр нийгэм, улс төрийн үзэл бодлоо илэн далангүй илэрхийлдэг байсан авьяаслаг дуучин О'Коннорын дурсгалыг хүндэтгэн найз нөхөд, соёл урлагийн салбарынхан болон улстөрчид эмгэнэл илэрхийлсээр байна.


"Ирланд улсын сүүлийн хэдэн арван жилийн хамгийн агуу, авъяаслаг хөгжмийн зохиолч, жүжигчин, дуу зохиогч харьцангуй залуу насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Тэрбээр өвөрмөц авъяастай, үзэгчидтэйгээ ер бусын холбоо тогтоож чаддаг байсан халуун дулаан сэтгэлтэй хүн байлаа...” гэж Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинс хэлжээ.


Шон О'Коннор 2018 онд исламын шашинд орж, нэрээ Шухада Садакат болгон сольсон ч Шон О'Коннор нэрээрээ үргэлжлүүлэн тоглолтоо хийсээр байв. Тэрбээр 2021 онд "Дурсамж" хэмээх дуртгал номоо хэвлүүлжээ.


Белфастын кино найруулагч Кэтрин Фергусон түүний тухай "Зүйрлэшгүй" хэмээх нэртэй баримтат кино бүтээжээ. 

相关新闻