АРХАНГАЙ: Цэцэрлэг хотын хойморт мянган зул гэрэлтэх Булган уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-26 22:07:17

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 100 жилийн ой Булган уулыг тахих ёслолоор өнөөдөр эхэлсэн бол энэ уулнаа зул өргөх ёслолоор үргэлжилж байна. 


Хол, ойроос төрөлх нутгаа зорин ирсэн нутгийн уугуул иргэд, зочид, төлөөлөгчид Булган ууланд зул өргөж, гэр бүл, эрүүл мэнд, ажил амьдралаа даатган залбирч байна. Булган уул нь дэлхийд зул өргөдөг хоёр уул байдгийн нэг нь аж.


Шөнийн тэнгэр дор мянгатаа зул гэрэлтэх, магадгүй чимэглэл зүүсэн гацуур мод адил харагдах гэрэлт зултай Булган уулыг нутгийн уугуул иргэд болоод гадна, дотны аялагчид гайхан биширч буй нь илт байлаа. 




Булган ууланд яагаад зул өргөдөг вэ?

Зая бандида Лувсанпринлэй гэгээний зарлигаар Чингис хааны язгуур угсааны ноён Цэвээнравдан гурван орчлонгийн амьтны багш Зонховын лагшин дүрсийг Зая гэгээний хүрээний аглаг хийдийн хойморт урлан байгуулж, шинэ дацан сургууль байгуулсны буянд гэгээн ихэд даган баясаж буйгаа дурьдан нэгэн магтаал өргөсөн байдаг. 


Мөнхүү Булган ууланд бүтээсэн Богд Зонхова дор таван их тахилыг өргөх үесэд унших ном энэ адил хэрэгтэй хэмээн сүжиг хийгээд асар шинжлэлт хотол чуулсан түшмэл Цэвээнравдан айлтгаснаар Зая бандида Лувсанпринлэй найруулсныг бичээч нь унзад Лувсанданзан хэмээжээ.


Тийнхүү  зулын тахил өргөх уламжлал ихэд дэлгэр өрнүүн болж,  хүрээ хийдийн Зулын 25 тэргүүтэй их дүйчингийн үе, их хурал дээр энэхүү номыг эдүгээ хүртэл уншсаар иржээ. 


ЗУЛЫН ТАХИЛ ӨРГӨХ УНШЛАГА


Туурвил үгүй номын төвийн агаараас үл хөрвөх мөн чанартай ч

Бид тэргүүтнийг аврахын тухайд бүхий л аргыг зохиогч Богд Зонхова 

Бэлэг найргийн сүр жавхлан бадарсан лагшингийн бүжиглэлээр 

Тэртээгээс эдүгээ энд залран буяны орны дээд болох таньд

Бие, хэл, сэтгэлийн үүднээс мөргөж, тахилын үүлэн далай болон

Гурван мянган орчлонг дүүргэх гэгээн үзэгдэлт зул үүнийг өргөмүй. 


Хилэнц нүгэлээ наманчлан, олон түмний буянд даган баясаж,

Хүсэл соёрхол талбисан буяныг бодийн дээдэд зориулмой. 


Богд таньд магтан соёрхол талбисны хүчээр 

Буртагт нөхцөл бүхэн арилан, зохиолдох нөхцлийг чуулгуулж

Бурангуй мунхаг, үл мэдэх, түнэр харанхуйг уг үндэснээс  арилган 

Билиг ухаан, гүнзгий тодорхой, түргэн сэтгэхүйг хайрлан соёрх. 


Эдүгээ хураасан буян, гурван цагийн сайн үйл бүхний хүчээр 

Эрт хойно төрөл бүгдэд багш лугаа үл хагацан

Машид гайхамшигт гэгээрлийн дээд оронд төрөөд

Магад сайн их хөлгөний сайн мөрийн эцэст хүрэх болтугай.


Агуу их явдал хийгээд гүнзгий үзэл болон 

Анхааран авах адисдэд дамжлагын багшийн чуулган 

Ядам, ханд, баатар дагинас, номыг тэтгэгч, чуулсан бүхэн хийгээд

Ялангуяа Сайн оюунт хэмээн алдаршсаны цогт өлзий орших болтугай.


Энэхүү уншлагыг Түвд хэлнээс Зая гэгээний хүрээний  Оточ Б.Батхуяг орчуулжээ.

相关新闻