ОРХОН: Б.Одгэрэл: Борооны улмаас авто замын эвдрэл нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Авто замын нөхөлт, засвар үйлчилгээний талаар Хотын захирагчийн албаны дарга Б.Одгэрэлээс тодрууллаа.
-Энэ жил авто замын засвар,
үйлчилгээнд орон нутгийн төсвөөс хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Нийт 500 сая төгрөгийг баталсан. “Орхон
АЗЗА” ТӨХК авто замын нөхөөсийн ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн
байдлаар орон сууцны хороолол дундах авто зам, Дэнж, Эрдэнэ, Их-Залуу
багт 1950 м.кв талбайд авто
замын нөхөлт хийсэн. Мөн явган хүний гарцын тэмдэглэгээний
ажил 30 хувьтай байна. Нийт 65 гарцад тэмдэглэгээ хийхээс Барилгачдын талбайгаас
Сүмийн уулзвар хүртэлх 22.7 км-т хэвтээ тэмдэглэгээг
шинээр хийлээ. Харин
босоо тэмдэглэгээ 125-ыг хийгээд байна. Энэ жил өмнөх
жилүүдээс хур бороо элбэгтэй байгаа ч наймдугаар
сард багтаан бүх
ажлаа дуусгана.
-Олон газарт авто замын нөхөөс хийхээр болсон байна. Энэ
жил хэдэн м.кв талбайг нөхөх вэ?
-Манай аймагт хатуу хучилттай 100 гаруй км зам бий.
Үүний 40 гаруй хувь нь хуучны авто зам юм. Ус их тогтдог, хагарал, суулт ихтэй.
Нэг хэсгийг нь нөхөөд засдаг ч нөгөө хэсэгт нь борооноос үүдэлтэй суулт өгч,
хагарч бутарч байдаг. Тиймээс цаг тухайд нь төсөв, хөрөнгөдөө тохируулан ажиллаж л байна.
Энэ жил орон сууцны хороолол доторх 3500, БОЭТ орчимд 2000 гаруй, Барилгачдын
талбай орчимд 3500, Үйлчилгээний төв орчимд 1100 м.кв талбайд нөхөөс хийнэ. Жаргалант сумын орон сууцны хороолол дотор үүссэн 259 м.кв талбайн эвдрэлийг нөхөхөөр зураг төсөв тооцоог гаргаад байна.
-Энэ
жил дахиад л Дэнжийн зам иргэдийг бухимдууллаа. Одоо байгааг нь хуулаад
шинээр барих боломж байгаа юу?
-Дэнжийн зам 2013 онд ашиглалтад орсон. Нэг жилийн дараа суулт өгөөд цөмөрч эхэлсэн. Жил бүр нөхөлт, засвар хийсээр 50-60 метр замыг суурь хөрстэй нь сольсон байна. Үлдсэн хэсгүүдэд дахин эвдрэл суулт,
цөмрөлт үүсээд байгаа учир Дэнжийн замыг нийтэд нь сууринаас
шинэчилж хучих шаардлага үүссэн. Төсөв нь их гарна. Нэг километр авто замын өртөг нэг тэрбум гаруй
төгрөг. Гурван километр
гаруй урттай Дэнжийн замыг шууд нэг дор бүтнээр нь засварлах хөрөнгийн эх
үүсвэр одоогоор
байхгүй байна. Гэхдээ Дэнж, Эрдэнэ багийн авто замд нийт 1004 м.кв
талбайд эвдрэл үүссэнийг асфальтбетоноор нөхөх ажлыг "Орхон
АЗЗА" ТӨХК гүйцэтгэж байна. Хур бороо элбэг байгаа учраас ажил бага зэрэг удаашралтай
байна.