ЗАВХАН: "Очирваанийн 108 оршихуй" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн уугуул байгалийн гэрэл
зурагчин Пүрэвхүүгийн Баатарзоригт Отгонтэнгэр уулыг олон талаас нь харуулсан
гэрэл зургийн үзэсгэлэнг тус уулын бэлд гаргажээ.
Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн гишүүн П.Баатарзоригт нь "Очирваанийн 108 оршихуй" хэмээх үзэсгэлэнгээ аймгийнхаа 100 жилийн ойд зориулан гаргасан байна.
Тэрбээр үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод энэ сарын 3-6-ны өдрүүдэд гаргасан бол зуны адаг сарын шинийн 3-ны билэгт сайн өдрөөс Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр уулын бэлд энэ сарын 22-ны өдөр хүртэл дэлгэжээ.
Очирваань хайрхныг зорин очсон аялагчид, амарч зугаалж яваа
болон дотоод, гадаадын жуулчид энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна таалагдсан гэрэл зургаа худалдан
авах боломжтой аж. Мөн Отгонтэнгэрийн бэлд дэлгэсэн үзэсгэлэнгийн үеэр зурагчны гэрэл зурагт орсон нутгийн иргэдэд өөрийнх нь гэрэл зургийг жаазлан бэлэглэжээ.
Монголчуудын шүтээн болсон хайрхныг олон талын өнцгөөс нь харуулсан 100 ширхэг гэрэл зураг бүхий үзэсгэлэн Завхан аймгийн 100 жилийн ойн баяр наадмын үеэр Улиастайд мөн дэлгэгдэх юм.
Гэрэл зурагчин П.Баатарзоригт нь Завхан аймгийн 24 сумын нутгаар жил бүр “Шүтээн нутаг” нэртэй гэрэл зургийн аяллыг хийдэг аж.
Энэ аяллаа зургаа дахь жилдээ 20 орчим сумын нутгаар аялж 70 орчим хоног 9000 гаруй км замыг туулж байгалийн гэрэл зургийн сангаа арвижуулжээ.
“Очирваанийн 108 оршихуй” гэрэл зургийн үзэсгэлэнгийн гол зураг нь тус аймгийн 100 жилийн ойг угтан зохион байгуулсан "Байгалийн диваажин" гэрэл зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн "Ирж буй цаг" цуврал бүтээл аж.
Мөн гэрэл зурагчин П.Баатарзоригт нь 100 жилийн ойд зориулж, аймгийнхаа үзэсгэлэнт газар нутгийг гэрэл зурагт буулгасан 10 гаруй жилийн гэрэл зургийн сангаасаа шүүж “Шүтээн нутаг Завхан” нэртэй гэрэл зургийн номыг бүтээгээд буй юм.
"Шүтээн нутаг Завхан" гэрэл зургийн ном
"Очирваанийн 108 оршихуй" гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотод
"Очирваанийн 108 оршихуй" гэрэл зургийн үзэсгэлэн Отгонтэнгэр уулын бэлд