ЗАВХАН: Улаагчны Хар нуурын эрэг орчмоос хагас тонн шахам ариун цэврийн цаас түүж цэвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/.
Тус аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны Хар нуур байгалийн цогцолборт
газрын бөөрөг элс, отоглох цэг, нуурын эрэг дагуух хог хаягдлыг түүж цэвэрлэжээ.
Энэ сарын 18-19-ний өдрүүдэд Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааны алба хаагчид болон Эрдэнэхайрхан сумын ЗДТГ-ын алба хаагчид хамтран их цэвэрлэгээ хийж, хог хаягдлыг түүн, ачиж зайлуулсан байна.
Улаагчны Хар нуурын байгалийн цогцолборт газрын элсний бөөрөг, отоглох цэг, нуурын урд хойд хэсгээр нийт 30 км орчмын газрыг цэвэрлэж, хагас тонн ариун цэврийн цаас, постоос 3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Яруу сумын хогийн цэгт хүргэлээ.
Энэ үеэр аялагчдын очдог гол цэг Элсэн шанаанд
буудалласан 30 гаруй машиныг хаалтын гадна талд гаргаж талбайг чөлөөллөө. Өнөөдрийн байдлаар байгаль хамгаалагч
Зэгстэй нуурын хаалт хэсэг дээр машины хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байна.
Өнгөрсөн хавар, дөрөв, зургаадугаар сард манай газруудаас дээрх байгалийн цогцолборт газарт очиж, мал амьтны сэг зэм болон хогийг цэвэрлэж ачуулсан.
Гэтэл нэг сарын дотор Улаагчны Хар нуурын байгалийн цогцолборт газрын отоглох цэгийн ойр орчмоос 500 кг ариун цэврийн цаасыг цэвэрлэж ачлаа. Харамсалтай байна. Манай иргэд байгальд ээлтэй аялмаар байна.
Иргэн бүр аялж зугаалахдаа байгальд ээлтэй, хогоо ил задгай хаяхгүй байх. Хогоо савлаад ойрхон сум, суурин, отоглох цэгийн хогийн цэгүүдэд хаяхыг анхааруулж, зөвлөж, уриалж байна гэж Хяргас
нуур, Завхан голын сав газрын
захиргаанаас мэдээлэв.
Улаагчны Хар нуурын орчмоос нийт 18 тонн хог хаягдлыг түүн ачжээ