Төвийн аймгуудын ихэнх нутгаар аадар бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр өнөө шөнө усархаг бороо орно.
Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.
2023 оны 7 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5+10 градус, өдөртөө +18+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19+24 градус, өдөртөө +32+37 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +14+19 градус, өдөртөө +26+31 градус, бусад нутгаар шөнөдөө +10+15 радус, өдөртөө +21+26 градус дулаан байна.