ОРХОН: Жу Жон Ху: Орхон аймагт алсын зайн оношилгооны төв байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-21 12:50:32
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/.  Орхон аймаг, БНСУ-ын Дэгү хотын эрүүл мэндийн байгууллагатай хамтран БОЭТ-д алсын зайн оношилгооны төв нээж байна. Энэ талаар БНСУ-ын “World media and Beauty” группийн захирал Жу Жон Хутай ярилцлаа.


-Орхон аймагт алсын зайн оношилгооны төв нээж байгаад баярлалаа. Дэгү хот нь эрүүл мэндийн салбараараа БНСУ-даа тэргүүлдэг.  Энэ тэргүүлж буйн гол үзүүлэлт нь юу байдаг вэ?

-Дэгү хотын хоёр дахь нэр нь Эрүүл мэндийн хот юм. Манай улсын хамгийн том эмнэлгүүдийг Сөүл, Дэгү хотод байгуулсан. Эрүүл мэндийн олон төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, зуун жилийн түүхтэй хот болон эмнэлгүүдийн нэгд Дэгү хот ордгоороо онцлог. Манай улсын тэргүүлэх эмч нар бүгд Дэгү хотын эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан гээд онцлох зүйл олон.

Орхон аймгийн БОЭТ-д байгуулж буй алсын зайн оношилгооны төвд өвчтөнүүдийг эмчлэхээс гадна хагалгааны явцад Дэгү хотын эмч нартай шууд холбогдож заавар зөвлөгөө авах бүрэн боломжтой юм. Мөн хоёр улсын эмч мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой. Үүнээс гадна, өвчний онош нь тодорхойлогдохгүй байгаа үйлчлүүлэгч Улаанбаатар хот эсвэл Солонгос руу явж цаг хугацаа алдах хэрэггүй. Орон нутагтаа алсын зайн оношилгооны төвөөрөө дамжуулан оношлуулах боломжтой юм. Энэ бүхэн цаг хугацаа, мөнгө санхүү хэмнэнэ. Өвдөж, шаналж байгаа хүнд хамгийн чухал зүйл цаг хугацаа байдаг.

Орхон аймгийн иргэд төдийгүй хөрш зэргэлдээ аймгууд цаашлаад Монгол Улсын иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалахад ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна. Хамтын ажиллагааны хүрээнд аймгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулах зэрэг төлөвлөсөн олон зүйлс бий. 


-Танай байгууллага Улаанбаатар хотын гурван эмнэлэгтэй хамтран ажилладаг гэж сонссон. Үр дүн нь хэр гарч байна вэ?

-Алсын зайн оношилгооны төвийг Улаанбаатар хотод Цэргийн төв эмнэлэг, “Номун” эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвд байгуулсан. “Номун” эмнэлэг БНСУ-ын Чонбугийн их сургуулийн эмнэлэгтэй хамтарч хавдрын тохиолдлуудыг илрүүлж байна. Мөн онош тодорхойгүй үйлчлүүлэгчдийн оношийг тодорхойлж иргэдийн амь насыг аврах эмчилгээнүүдийг хийж байна. Хана эмнэлэгтэй холбогдож эхо оношилгоо хийж байгаа зэрэг үр дүнг яривал их.


-Орхон аймагт үений дурангийн оношилгоо, шинжилгээ нэн шаардлагатай байгаа. Мөн эрүү, нүүрний гажиг заслын эмчийн дутагдалтай. Энэ талаар хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн ажиллах вэ?

-Эрүү, нүүрний гажиг заслын эмчийг мэргэжил дээшлүүлэх чиглэлээр сургалтад хамруулж хамтран ажиллах боломжтой. Харин Монголд ирж эмчилгээ хийнэ гэвэл цаг хугацааны хувьд боломжгүй юм. Яагаад гэвэл, эрүү, нүүрний гажгийг засаж, эмчлэхэд олон сарын хугацаа зарцуулдаг. Үүний оронд шүдний эмч нарыг Орхон аймагт ажиллуулж болно.

Үений дурангийн оношилгоо, шинжилгээгээр эмч нараа мэргэшүүлэх боломжтой. Мөн гоо сайхан, арьс гээд бусад олон төрлөөр эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана. Гол нь эмч нар өөрсдөө суръя, мэдлэгээ дээшлүүлье гэсэн зүтгэлтэй байх хэрэгтэй. Ийм зүтгэлгүй бол цаашид сурч, хөгжиж чадахгүй.  
-Ярилцсанд баярлалаа.


  

相关新闻