ХЭНТИЙ: 100 жилийн ойгоор ямар үйл ажиллагаанууд болох вэ?
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Чингис /МОНЦАМЭ/. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ сарын 27-28-ны өдрүүдэд болно.
Ойг зохион байгуулах комисоос зочид гийчдэдээ зориулан "Хэнтий-100" цахим хөтчийг гаргажээ. Та энэхүү цахим хөтчөөс дараах мэдээллийг авах боломжтой аж. Үүнд, Баяр наадмын хөтөлбөр, Төв цэнгэлдэх хүрээлэн, морь барианы газрын зураглал, Зохион байгуулах салбар хорооны мэдээлэл, Үйлчилгээний газруудын мэдээлэл /Зоогийн газар, зочид буудал, Амралтын газар, Шатахуун түгээх станц, Эмийн сан, Яаралтай тусламж/, 100 жилийн ойн хүрээнд хийсэн бүтээн байгуулалт /фото зургаар/ зэрэг багтжээ.
Мөн наадмын өдрүүдэд "Дээлтэй монгол наадам", "Хан Хэнтийн нүүдэлчид-2023" соёлын биет бус өвийн наадам, "COLORFUL" хөгжмийн фестивал, Сэцэн ханы ордон музейн нээлт, “Хаадын түүхт-Хан Хэнтий” гэрэл зургийн цомгийн нээлт зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сонирхуулахад, Хэнтийн аймгийн 100 жилийн ойн баяр, наадмын мэндчилгээг хэвлэж, AR технологиор баяжуулснаараа онцлог болжээ.