"Өвсний үндэс" төслийн хүрээнд Хэнтий аймгийн Батширээт сумын Эрүүл мэндийн төвийг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-07-20 15:23:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд "Хэнтий аймгийн Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.


Энэхүү төслийн гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сйд Х.Кобаяши болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар гарын үсэг зурав.

 

Төслийн хүрээнд Хэнтий аймгийн Батширээтсумын цэцэрлэгийн А байранд их засварын ажил хийх юм.


Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши хэлэхдээ, “Миний бие өнгөрсөн оны 6 дугаар сард Хэнтий аймагт айлчлахдаа тус аймгийн болон Батширээт сумын Засаг дарга нартай уулзсан. Тэрхүү уулзалтаар “Өвсний үндэс” төсөл болон буцалтгүй тусламжийн талаар санал солилцож, Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тэгэхэд тус байрны дээврээс дусаал байнга гоождог тул тааз болон дотор хананы будаг холцорч хуурч, усны хаялга суурилуулаагүйн улмаас гадна хана, цонх ихээр элэгдэлд орсон байсан. Бохирын шугам нь бөглөрдөг, халаалтын шугамын радиотор нь хагарч ус гоожсон байдалтай байгаа нь тус эмнэлгийн амбулиаториор нэг жилд үйлчлүүлдэг 10 мянга орчим, хэвтэн эмчлүүлдэг 400 гаруй иргэний эрүүл мэнд, эрүүл ахуйд ихээхэн хүндрэл учруулж байна. Энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр тус эмнэлгийн эмч, ажилтнууд болон эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд эмчлүүлж, сувилуулах нөхцөл боломж таатай орчин бүрдэх юм" гэв.


Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч Я.Отгончимэг хэлэхдээ, “Манай Эрүүл мэндийн төв 2003 онд анх 100 сая төгрөгийн өртгөөр ашиглалтад орсон. Нийт 4 багийн 4500 мянга гаруй  иргэнд нийт 17 эмч мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ашиглалтад орсноос хойш манай эмнэлэгт нэг удаа 70 сая төгрөгийн сантехникийн засвар үйлчилгээ хийсэн. Нэлээд хуучирч муудсан, борооны ус гоождог гэхчлэн тулгамдсан асуудал ихтэй байсан. Энэхүү асуудлыг “Өвчний үндэс” төсөлд хандаж, нийт 450 сая орчим төгрөгийн их засварын ажил хийхээр болсонд баяртай байна. Ингэснээр эмнэлгээр үйлчлүүлэгчдийн ая тухтай орчин нөхцөл бүрдэхээс гадна эмнэлгийн эмч, ажилтнуудын ажиллах орчин сайжирна" хэмээв.


Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 595 дахь, Хэнтий аймагт хэрэгжүүлэх 21 дэх, Батширээт суманд хэрэгжүүлэх анхны төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 121.521 ам.доллар буюу 421 440 907 орчим төгрөг юм.

 

“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудад голлох үүргийг гүйцэтгэдэг.



相关新闻