Хүлэмжийн хийг бууруулах тухай Парисын гэрээнд Бразил улс нэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /VOA/. Цаг уурын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээнд нэгдэх шийдвэрийг Бразилын Засгийн газар даваа гарагт гаргажээ.
Хүлэмжийн хий ялгаруулагч Латин Америкийн хамгийн том улс болох Бразил ийм шийдвэр гаргасан нь бусад улс орнууд уг гэрээнд нэгдэхэд түлхэц болохуйц чухал алхам боллоо.
Газар нутгийн хэмжээгээрээ АНУ-аас бага зэрэг том Бразил улс нь дэлхий даяар ялгаруулж буй нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад бохирдуулагч хийн 2.5 хувийг дангаараа ялгаруулдаг гэж НҮБ-ын мэдээлэлд дурджээ.
“Манай Засгийн газар ирээдүйн талаар санаа зовинож байна” гэж Ерөнхийлөгч Мишель Темер уг гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр “Бидний өнөөдөр хийж буй зүйлс нь маргаашид зориулагдаагүй, харин ирээдүйд чиглэсэн” гэжээ.
Бразил улс дээрх гэрээг соёрхон баталснаа энэ сарын сүүлчээр НҮБ-д албан ёсоор танилцуулах аж.
Дэлхийн даяар ялгарч буй хорт хийн хамгийн багадаа 55 хувийг ялгаруулж буй 55 улс уг гэрээнд албан ёсоор нэгдсэнээр Парисын гэрээ хэрэгжиж эхлэх юм.
Бразил улс 2025 он гэхэд хорт хий ялгаруулалтыг 37 хувиар, 2030 он гэхэд 43 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа аж. Сүүлийн арван жилийн хугацаанд гэхэд тус улс хорт хийн ялгаруулалтыг амжилттай бууруулсан нь Амазоны ойг устгах явдал багассан, мөн усан цахилгаан станц, салхи, нарны зэрэг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой юм.
Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин нар уг гэрээнд нэгдэх болсноо зарласан нь бусад улсууд Парисын гэрээнд соёрхон батлахад томоохон хөшүүрэг болсон билээ.
Х.Сарнай