Залуус 5 тонн ногоо хураав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Ерөө сумын Залуучуудын Холбоо хамтран “Намрын ажил-IV” төслийн хүрээнд ургац хураалтын ажлыг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.
Ургац хураалтын ажилд “Хөдөлмөрч залуус” клуб болон сайн дурын 40 гаруй оюутан залуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сангийн аж ахуйн хүнсний ногоон талбай дээр энэ сарын 09-12-нд ажиллав. Энэ хугацаанд залуус Ерөө сумын бүтээн байгуулалт болон тариан талбай, үтрэм дээр очиж Долт ХХК-ийн тариалангийн аж ахуйтай танилцан, байцаа, лууван, төмс хураах ажилд гар бие оролцон 5 тонн орчим ногоо хураасан юм.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум мал ахуй, газар тариалан хосолсон бүс нутаг бөгөөд сүүлийн үед уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа аж. Тус сумын нийт хүн амын 60 орчим хувийг залуучууд эзэлдэг ч тэдний дийлэнх нь уул уурхайн салбарт ажиллан газар тариалангийн салбар руу орж ажиллах нь багассан байна. Залуучууд ногоо тарихаа больж, дан настайчүүд энэ салбарт ажиллаж, хүч хүрдэггүй талаар нутгийн ногоочид ярьж байлаа. Түүнчлэн ногооны ченж нар нэг килограмм ногоог 200-300 төгрөгөөр худалдан авч, лангуун дээр зарахаараа 1000-аас дээш төгрөгөөр зардаг. Энэ талаар хаа хаанаа анхаарах хэрэгтэйг ч онцолж байв.
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү “Намрын ажил” төсөл юм. Төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж, одоогоор 1000 гаруй залуус хамарчээ.
Ж.Болор