Пакистанд их хэмжээний үер болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-07 13:30:38

ИСЛАМАБАД. /France24/.  Пакистанд хоёр долоо хоног үргэлжлэн орсон борооны улмаас амиа алдагсдын тоо пүрэв гарагт 55-д хүрчээ.


Тус улсын зүүн хэсгийн Лахор хотын гудамж талбай үерт автсан байна. Байшингийн дээвэр нурж, цахилгаанд цохиулсны улмаас 19 хүн амиа алдлаа гэж холбогдох албаныхан мэдэгджээ. Пакистаны цаг уурын агентлаг тус хотод бороо үргэлжлэн орох талаар сэрэмжлүүлсэн байна.


Түүнчлэн Афганистантай хиллэдэг Хайбер-Пахтунхва мужийн Шангла дүүрэгт их хэмжээний хөрсний гулгалт үүссэний улмаас найман хүүхэд амиа алдсан гэж албаны хүмүүс мэдэгджээ. Аврагчид их хэмжээний шаврын овоолгыг зайлуулж сураггүй болсон бусад хүүхдүүдийг эрэн хайж байна.


Үргэлжлэн орсон борооны улмаас Пенжаб мужийн Желум, Ченаб зэрэг том голууд үерлэж, Гамшгаас хамгаалах алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа аж.


Өнгөрсөн жилийн борооны улирлаар болсон үерийн улмаас Пакистаны газар нутгийн гуравны нэг нь усанд автаж, 1739 хүн амиа алдаж,  30 тэрбум долларын хохирол учирчээ.


Борооны улирал нь Пакистанд жил бүрийн зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг байна. 

相关新闻