К.Фүмио, Р.Гросси нар “Фүкүшима-1” АЦС-ын цэвэрлэсэн усыг далайд асгах төлөвлөгөөг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-04 14:04:31

ТОКИО. /Reuters/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/  ерөнхий захирал Рафаэль Гросситай Токио хотноо өнөөдөр уулзаж, “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ цэвэрлэсэн усыг далайд асгах төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ.


К.Фүмио ОУАЭХА-ийн тэргүүнтэй хэлэлцээ хийснийхээ дараа АЦС-ын цэвэрлэсэн усыг далайд асгах хугацааны талаар эцсийн шийдвэрийг гаргах төлөвтэй байна гэж Японы хэвлэлүүдэд мэдээлжээ. Уг цэвэрлэсэн усыг энэ зун далайд асгах төлөвтэй байна.


“NHK” телевизээр мэдээлснээр, К.Фүмио, Р.Гросси нар АЦС-ын цэвэрлэсэн усыг далайд асгах бэлтгэл ажлын талаарх тайланг нарийвчлан хэлэлцэнэ. Уг тайланг ОУАЭХА-гийн мэргэжилтнүүд Японд ирж ажиллахдаа бэлтгэжээ. Уулзалтын дараа ОУАЭХА-ийн тэргүүн хэвлэлийн бага хурал хийх бөгөөд дараа нь тэрбээр АЦС-д очиж, бэлтгэл ажлын явцад эцсийн хяналт шалгалтыг хийх аж. Р.Гросси энэхүү шалгалтынхаа үр дүнг долоодугаар сарын 7-нд болох хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулна.


Р.Гросси Японд айлчилсныхаа дараа “Фүкүшима-1” АЦС-ын цэвэрлэсэн усыг далайд асгах Токиогийн төлөвлөгөөнөөс болгоомжилж буй БНСУ, Шинэ Зеланд, Күүкийн арлуудыг зорино гэж “Yomiuri” сонин  мэдээлжээ. Тэрбээр Токиогийн төлөвлөгөө аюулгүй гэдгийг эдгээр улсын эрх баригчдад ойлгуулах зорилготой айлчлал хийх аж.


Японы эрх баригчид энэхүү төлөвлөгөө нь тус бүс нутгийн экосистем болон оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж удаа дараа мэдэгдсэн билээ. 

相关新闻