ГОВЬ-АЛТАЙ: Оны эхний таван сарын байдлаар зам тээврийн осолд хоёр хүүхэд өртөж хохирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг хамгаалах зорилгоор зохион байгуулж буй “Нэг зам-Нэг соёл” аянд Говь-Алтай аймаг нэгдлээ.
Зуны улиралд аялал зугаалгаар орон нутаг руу зорчих хөдөлгөөн эрс ихэсдэг тул орон нутгийн замд гарах зам тээврийн осол нэмэгддэг. Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасагтай хамтран “Яараад яахав дээ”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” зэрэг нөлөөллийн аяныг сүүлийн жилүүдэд зохион байгуулснаар зам тээврийн осол гэмтэл буурсан тухай аяны нээлтийн үеэр холбогдох албанаас мэдээллээ.
2023 оны эхний таван сарын байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд зам тээврийн осолд хоёр хүүхэд өртөж хохирчээ.
Харин 2022 онд зам тээврийн осолд хоёр хүүхэд өртөж харамсалтайгаар амиа алдаж, нэг хүүхэд гэмтсэн тоо баримт бүртгэгдсэн тухай Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Дэд хурандаа А.Ержан танилцуулав.
Улсын хэмжээнд 2022 онд зам тээврийн ослын улмаас 76 хүүхдийн амь хохирч, 810 хүүхэд гэмтсэн бол 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 7 хүүхдийн амь хохирч, 196 хүүхэд гэмтсэн байна.
Зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа нь жолоочийн буруутай үйлдэл, зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй, мөн ухрах үйлдлийг буруу хийсэн, бага насны хүүхдийг авто замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулсан нь дийлэнх шалтгаан болж байгаа аж.
“Нэг зам-Нэг соёл” аян Говь-Алтай аймагт зургаадугаар сарын 30-наас хоёр сарын хугацаанд өрнөх бөгөөд аяны хугацаанд замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулахын тулд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хамгаалах бүс болон гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглахад гарах зөрчил зэрэгт тавих хяналтыг нэмэгдүүлж, зөрчлийг гаргуулахгүй байхад илүү анхаарч ажиллана гэв.