ДУНДГОВЬ: “Нэг зам-Нэг соёл” аяны хүрээнд замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг хамгаалах зорилгоор зохион байгуулж буй “Нэг зам-Нэг соёл” аянд Дундговь аймаг нэгдэж, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.
Зуны улиралд аялал зугаалгаар орон нутаг руу зорчих
хөдөлгөөн эрс нэмэгддэг тул орон нутгийн замд гарах зам тээврийн осол нэмэгддэг. Тээврийн
цагдаагийн албанаас орон нутгийн Цагдаагийн албатай хамтран “Яараад яахав дээ”,
“Ирээдүйгээ хамгаалъя”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” зэрэг нөлөөллийн аяныг сүүлийн
жилүүдэд зохион байгуулснаар зам тээврийн осол буурч байгааг мэргэжлийн
байгууллагаас онцолсон.
Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр 2023 оны 5 дугаар сарын байдлаар Дундговь аймгийн хэмжээнд 116 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 22,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
“Нэг зам-Нэг соёл” аяныг 7 дугаар сарын 3-наас 8 дугаар сарын 18 хүртэл зохион байгуулах ба аяны хугацаанд замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулахын тулд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хамгаалах бүс болон гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглахад гарах зөрчил зэрэгт тавих хяналтыг сайжруулж, зөрчлийг гаргуулахгүй байхад илүү анхаарч ажиллах ажээ.