ГОВЬ-АЛТАЙ: Б.Ганчимэг: Танхайрах зөрчил нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-07-03 13:13:39

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн прокурорын газар 2023 оны эхний хагас жилийн байдлаар 298 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан бөгөөд үүний дийлэнх хувийг танхайрах зөрчил байгаа аж. Уг хэргийн нөхцөл байдал, зөрчил үйлдсэн этгээдэд ямар шийтгэл оногдуулахаар холбогдох хуульд заасан тухай Говь-Алтай аймрийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ганчимэгээс тодрууллаа.


-Танхайрах зөрчил Говь-Алтай аймгийн хэмжээнд хэр үйлдэгдэж байна вэ? Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ямар байгаа вэ? 

-Говь-Алтай аймгийн прокурорын газар 2023 оны эхний хагас жилийн байдлаар 298 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан үүний 54 буюу 18.1 хувь нь танхайрах зөрчил байна. 2022 оны эхний таван сарын байдлаар танхайрах зөрчлийн хэрэг 34 байсан ба үүнтэй харьцуулахад нэмэгдэх хандлагатай байна гэж харж байгаа. 


-Танхайрах зөрчилд яг ямар зөрчлүүд хамаарагдах вэ? Уг зөрчил үйлдсэн тохиолдолд ямар шийтгэл оногдуулдаг вэ? 

-Танхайрах зөрчил гэдэг нь олон нийтийн газар болон орон байранд бусадтай хэрүүл маргаан үүсгэх, хэл амаар доромжлох, орилж хашгирах, олон нийтийг үл хүндэтгэх, үйлчилгээний болон олон нийтийн дарааллын журам зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зэрэг үйлдлүүдийг танхайрах зөрчил гэж ойлгож болно. 

Танхайрах зөрчил үйлдсэн тохиолдолд шийтгэлийг зөвхөн шүүхээс оногдуулдаг ба зөрчлийн шинж байдал, холбогдогчийн хувийн байдал зэрэг олон талаас нь харж дүгнэлт хийсний үндсэн дээр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг шүүхээс оногдуулдаг.


-Энэ төрлийн зөрчлийг ихэвчлэн хэдий орчим насны хүмүүс гаргадаг вэ? 

-2023 он гарсаар бүртгэгдсэн танхайрах зөрчлийг насны хувьд авч үзвэл 15 настай 1, 20-30 насны холбогдогч 11, 30-40 насны 21, 41-61 насны 21 холбогдогчид танхайрах зөрчлийг үйлдсэн байна. Насны хувьд харилцан адилгүй байна гэсэн үг. 

Харин хүйсээр нь аваад үзэхэд 34 нь эрэгтэй буюу 62.9 хувь нь эрэгтэй, 10 нь буюу 18.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орон гэртээ болон бусдын орон гэрт агсам согтуу тавьж танхайрах зөрчил ихэвчлэн гаргадаг бол эмэгтэйчүүдийн хувьд ажлын байрандаа болон бусад газарт өөр хоорондоо маргалдаж, тэр нь улам даамжирсаар танхайрах зөрчил болж шүүхээр орж шийдвэрлэгдэж байна. Дээрх 54 хэргийн 23 нь буюу 42.5 хувь нь орон гэртээ хэрүүл маргаан үүсгэж танхайрсан бол бусад 31 хэрэг нь олон нийтийн газар, гудамж талбайд үйлдэгдсэн байна. 


-Согтууруулах ундааны хэрэглээ танхайрах зөрчил гарахад ихээхэн нөлөөлж байна гэж ойлголоо? 

-Тийм ээ, согтууруулах ундаа маш их нөлөөлдөг. Ганц танхайрах зөрчил гэлтгүй аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж байгаа бусад зөрчил гарч шалтгаан нь архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй байдаг. Ялангуяа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлүүд архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж гарах тохиолдол их байна. Тиймээс одоо ялангуяа зуны улирал ирж байна. Хүмүүсийн амралт зугаалга их явагдаж байгаа энэ өдрүүдэд архи согтууруулах ундааны хэрэглээгээ зөв зохистой хэрэглэж хэвшээрэй гэж зөвлөмөөр байна. Архи согтууруулах ундаа нэг удаа хэрэглээд нэг удаа зөрчил үйлдэхэд цаана нь маш олон сөрөг үр дагавар үүсэж байдаг гэдгийг анхаараасай гэж хүсэж байна. 


-Танхайрах зөрчил бусад зөрчлөөс ямар үйлдлээр ялгагддаг вэ? 

-Танхайрах зөрчил үйлдэхэд цаана нь хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол цөөгүй байдаг. Учир нь өөрийн болон бусдын орон байранд танхайрч хэрүүл маргаан үүсгэхэд тухайн гэрт байгаа хүүхдийн сэтгэл санаанд маш сөргөөр нөлөөлж байдаг. Хоорондоо маргалдаж, хэрэлдсэн эцэг эхчүүд хүүхдэдээ уураа гаргаж, тухайн хүүхдийг доромжилж загнах, зодох тохиолдол нилээдгүй гарч байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрах зөрчил үйлдэгчид гэрийнхээ болон тухайн байгаа орчиныхоо эд зүйлийг эвдэж дараа нь санхүүгийн ямар нэгэн эрсдэлд орох тохиолдол ч их байдаг.


-Иргэд олон нийтэд хандаж юу гэж зөвлөх вэ? 

-Иргэд орон гэртээ болон бусад газарт биеэ зөв авч явах соёлд суралцах хэрэгтэй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бусад үед аль болох бусадтай хэрэлдэж маргалдахаас зайлсхийх нь таны болон бусдын эрүүл мэнд, эдийн засаг, эрх чөлөө, цаашлаад амь нас эрсдэлд орохоос урьдчилан сэргийлнэ шүү гэдгийг хэлье. 

相关新闻