Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад эмэгтэй эрдэмтэн, судлаачид чухал үүрэг гүйцэтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэмтэд, сэхээтнүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь жил ирэх тусам өсөж байгааг өнөөдөр эхэлсэн Ази Номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудын 13 дахь удаагийн уулзалт-эрдэм шинжилгээний хурлын үеэр Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчидын нэгдсэн байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, доктор /Ph.D/, дэд профессор Ж.Туяацэцэг онцлов.
Тэрбээр Монгол
Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо”
сэдвийн хүрээнд зохион байгуулж буй тус хурлыг нээж хэлэхдээ, “Дэлхий ертөнц техник
технологи, хүний оюун ухаан, хүчин чармайлтаар зогсолтгүй улам бүр хөгжин дэвшиж
байна. Үүний зэрэгцээ хүмүүсийн амьдрал,
өвчин тахал, дайн, дэлхийн дулаарал зэрэг олон хүнд хүчин зүйлийг сөрж амьдрах,
ажиллах, харилцах, хөгжих арга барилыг үндсээр нь өөрчлөх асуудалтай нүүр
тулгарч байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эдгээр асуудалд шууд нөлөөлөх
олон сорилтуудыг агуулж байна. Улс орон бүр тогтвортой хөгжилд хувь нэмэр
оруулахад эрдэмтэд тэр дундаа эрдэмтэн эмэгтэйчүүд, судлаачид урд өмнөхөөсөө
илүү чухал үүрэг гүйцэтгэж байна. Бид дижитал эрин зуунд эдийн засгийн өсөлт,
тогтвортой хөгжилд эмэгтэй эрдэмтэн, инженерүүдийн оролцоо хувь нэмрийг оролцуулах, санаачлах үүргийг хэлэлцэж дүн
шинжилгээ хийнэ. Цаашид эмэгтэй эрдэмтэн, инженер, математикчдийн нэгдсэн
байгууллагад хамрагдаж буй эмэгтэйчүүдийн тоо хангалтгүй байгаад дүгнэлт хийж,
илүү хичээл зүтгэл гаргаж ажиллах
шаардлагатай байна. Дэлхий нийтийн болон өөрийн орны хөгжилд монголын эмэгтэй
эрдэмтэд, инженерүүд, математикчидын
нэгдсэн байгууллагаараа дамжуулан үйл ажиллагаандаа хамруулах бодит ажлуудыг
санаачлан хийх болно” гэв.
2023 оны
байдлаар их, дээд сургууль, коллежид суралцагсдын 61.1 хувь, шинжлэх ухааны салбарт
ажиллагсдын 59.8 хувь, эрдмийн цол зэрэгтэй хүмүүсийн 60.9 хувь нь эмэгтэйчүүд
байгаа аж.
Эмэгтэй эрдэмтдийн бүтээлийг таниулах, инновацыг нэвтрүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний өгөөжийг нэмэгдүүлэх, соёл, түүх, уламжлалыг олон улсад таниулах зорилготой тус хуралд 23 орны 50 гаруй эмэгтэй эрдэмтэн, инженерүүдийн төлөөлөл нийт 200 орчим эмэгтэйчүүд оролцож байна. Мөн Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагын ерөнхийлөгч доктор Жун Сан Ким хүрэлцэн ирсэн нь хурлын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.
Энэ үеэр тэрбээр хэлэхдээ, “Дэлхий нийтэд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, хүйсийн тэгш байдлыг хангах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байна. Байгалийн шинжлэл болон инженерийн салбарт ажиллаж буй хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн залуу эмэгтэйчүүдийг энэхүү салбарыг сонирхох, тогтвортой байлгах үүднээс ажиллаж байна. Зөвхөн тоог барих асуудал биш, тус салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн санал сэтгэгдлийг сонсох, дуу хоолойг хүргэхийг зорьж байна. Энэ нь дэлхийн тогтвортой хөгжилд нөлөөлнө. Тиймээс бид нийгэмд дуу хоолойгоо хүргэхэд нь эмэгтэйчүүдийг илүү дэмжин ажиллах юм” гэв.
Тус уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсын соёл, түүх, уламжлалыг олон улсад сурталчлах, гадаад, дотоодын инженерүүд, эрдэмтдийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн шилдэг бүтээл, технологи, инновацын судалгаа, бүтээлтийг түгээн дэлгэрүүлнэ гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтаар Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтуудын хүрээнд Хүнсний аюулгүй байдал ба эрүүл мэнд, Боловсрол, шинжлэх ухаан, Хүрээлэн буй орчин, Нийгэм, эдийн засаг, Инженерчлэл гэсэн чиглэлээр салбар хуралдааныг зохион байгуулан олон улсын эрдэмтэн, судлаачдын судалгааны бүтээлийг танилцуулж байна.