Нөхөн сэргээлт хийхдээ олборлолт явуулсан ААН-ийн үйл ажиллагааг зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-13 14:40:53

Өлзийт сумын нутагт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алтны олборлолт явуулж байсан аж ахуйн  нэгжийн үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газар зогсоосон байна.

Тодруулбал, тус сумын Засаг дарга нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл бүхий “Эдмор”, “Асар мандал”, “Бидний түшээ” ХХК- тай Хошуу хонд, Гурван ухаа, Цагаан дэвсэг хэмээх газар нөхөн сэргээлт хийлгэхээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд нөхөн сэргээлтийг зардлыг эвдэрсэн газарт олборлолт хийх зарчмаар олох тухай тусгажээ. Энэ нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Р. Цэрэндорж тайлбарлалаа.

 Өөрөөр хэлбэл ашигт малтмалын олборлолтыг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж хийх ёстой бөгөөд дээрхи аж ахуйн нэгжүүд ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй, зөвхөн нөхөн сэргээлт хийх эрх бүхий этгээд тул алтны олборлолт явуулах нь  хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Хяналт шалгалтын явцад  аж ахуйн нэгжүүдийн Өлзийт сумын нутаг дэвсгэр дэхь нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааг нь бүр зогсоож, торгууль ногдуулан олборлолтод ашиглаж байсан техник хэрэгслийг хураасан байна. Түүнийг нь аймгийн Засаг даргаар ахлуулдаг захиргааны журмаар хураагдсан эд зүйлд үнэлгээ тогтоох, худалдан борлуулах комисст хүлээлгэн өгөхөөр болжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу тухайн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан сумын Засаг дарга, ИТХ- ын дарга нарт торгуулийн арга хэмжээ ногдуулж, нөхөн сэргээлтийн гэрээг хүчингүй болгох албан шаардлага хүргүүлснийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Т. Отгонтуяа

相关新闻