Канадад ойн түймрийн улмаас "CO2"-ын ялгарал дээд хэмжээнд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ПАРИС. /AFP/. Канад даяар дэгдээд байгаа ойн түймрүүдийн улмаас 2023 оны эхний зургаан сард ажиглалтын түүхэн дэх бусад жилүүдийнхээс илүү их нүүрстөрөгчийн давхар исэл ялгараад байна гэж Европын Холбооны судлаачид мягмар гарагт мэдээллээ.
Тавдугаар сарын эхэн үеэс хойш дэгдсэн олон зуун ойн түймэр 600 сая орчим тонн СО2 ялгаруулсан нь 2021 онд Канадын бүх эх үүсвэрээс ялгарсан нийт хүлэмжийн хийн хэмжээний 88 хувьтай тэнцэж байна гэж Коперникийн нэрэмжит Агаар мандлын судалгааны албанаас /CAMS/ мэдээлжээ.
Тодруулбал, нийт
нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын тэн хагас нь зөвхөн зургаадугаар сард
ялгарсан байна. “Ойн түймрийн утааны улмаас Канадын СО2-ын ялгарал энэ
мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойших 21 жилийн хугацаан дахь хамгийн дээд
үзүүлэлтэд хүрээд байна” гэж “CAMS”-ын мэдэгдэлд дурджээ.
“Мягмар гаргийн байдлаар гал сөнөөгчид орон даяар асаж буй 494 түймэртэй тэмцэж байгаа бөгөөд тэдгээрийн талаас илүү хувь нь хяналтаас гараад байна” гэж Канадын Ойн түймэртэй тэмцэх төвөөс мэдээлсэн байна. Хуурайшилт, өндөр температурын нөлөөгөөр тавдугаар сарын эхэн үеэс Канадын баруун хэсгээр олон тооны ойн түймэр дэгдэж, сүүлийн 50 хоногт зүүн зүгт Онтарио, Квебек зэрэг мужийн нутаг руу тархжээ.