ӨВӨРХАНГАЙ: Аймгийн Онцгой комисс хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-27 10:35:48

Арвайхээр/ МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс өнөөдөр 08.00 цагт хуралдаж, эрчим хүч тасарсны улмаас үүсэж байгаа нөхцөл байдлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.


Одоогоор аймгийн БОЭТ-д 230 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээ болон яаралтай тусламж шаардлагатай зургаан өвчтөн байна. Тэдгээр хүмүүсийг хүчилтөрөгчөөр хангах, бусад эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүйгээр хүргэх ажилд анхаарч байна. 


Моторын ачааллаас үүдэж цахилгаан өндөр хэрэглэдэг рентген зураг зэрэг эмнэлгийн үйлчилгээг нэн яаралтай биш бол түр зогсоожээ. 


Иргэд усны хэрэглээг нэмэгдүүлэн нөөцөлж байгаа учир усны даралт унах, орон сууцанд гурван давхраас дээш ус хүрэхгүй байх асуудал үүсэж байна. Тиймээс иргэдийг усны ачаалал үүсгэхгүй байхыг анхаарууллаа. Эх үүсвэр дээр нь насосын даралтыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. 


Дээрх хоёр салбарт дизель түлшний нөөц хангалт болон моторын нөөц бүрдүүлэлт дээр анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.


Түүнчлэн цаашид цаг уурын давагдашгүй хүчин зүйлд сумдын аваарын дизель, гэрээт байгууллагуудын түлшний нөөц зэрэг асуудлын бэлэн байдлын үнэлгээг гаргаж ажиллахыг даалгалаа.


Цахилгаан эрчим хүчийг 6 дугаар сарын 28-ны өдөр өгөх төлөвлөгөөтэй албаныхан ажиллаж байна.


Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан цахилгаан эрчим хүчний гэмтлийг арилгахаар 158 алба хаагч, 38 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, одоогоор 24 тулгуураас 15 тулгуурыг татан авч 3 тулгуурыг босгосон байна. Цаг уур тогтвортой байвал маргаашдаа багтаж цахилгаанаар хангахаар ажиллаж байгааг албаныхан хэллээ. 




相关新闻