ДУНДГОВЬ: Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж, хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-26 12:09:28
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн 13 компанитай нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.


Аймгийн ЗДТГ-аас 6 дугаар сарын 23-нд эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго дор “Ашигт малтмал, уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт” зохион байгуулж, уулзалтын үеэр ийнхүү гэрээ байгуулжээ. Гэрээнд хууль тогтоомжийн дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, аймаг, орон нутгаас явуулж буй санал санаачилгыг дэмжиж хамтран ажиллахаар тусгасан байна.


Геологи уул уурхайн хяналтаар тус аймгийн хэмжээнд 1) бичиг баримтын бүрдэл дутуу, 2) мэргэжлийн инженер, техникийн ажилтан удирддаггүй, 3) уурхайг ТЭЗҮ-ийн ерөнхий дэвсгэр зургийн дагуу байршуулдаггүй, 3) ил, далд уурхайн аюулгүй байдлын дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, 4) нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж биелэлтийг хангаж ажилладаггүй, 5) хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааг хангадаггүй зэрэг зөрчил нийтлэг байгааг уулзалтын үеэр танилцуулсан аж.


Тиймээс гэрээний дагуу компаниуд алдаа дутагдал гаргалгүй, тухайн орон нутгийн иргэдтэй зөв харилцаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийн талбайд болж буй ажлыг нөлөөллийн бүсийн айлуудад танилцуулан үйл ажиллагаагаа тогтвортой, хариуцлагатай хэрэгжүүлэх, харин сумын удирдлагууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хуулийн хүрээнд хийх ёстой ажил үүргийнхээ дагуу бичиг баримтыг бүрдүүлэхэд нь шуурхай үйлчилж, бүх талаар хамтран ажиллах шаардлагатай гэдгийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат уулзалтын үеэр онцгой анхааруулсныг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Салхит” мөнгө, алтны уурхай саяхан “Хаалтын менементийн төлөвлөгөө”-г боловсруулан дуусаж, аймгийн ЗДТГ-т хүлээлгэн өгсөн нь бусад компанид жишиг болно гэдгийг тэрбээр уулзалтын үеэр хэлсэн үгэндээ мөн дурджээ. 



相关新闻