Элтон Жон төрөлх хотдоо сүүлчийн концертоо толилуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОНДОН. /BBC/. Их Британийн домогт хөгжмийн
зохиолч, дуучин өдгөө 76 настай Элтон Жон төрөлх Гластонбури хотдоо сүүлчийн концертоо толилууллаа.
Түүний тоглолт Гластонбурийн хөгжмийн наадмын үеэр ням гарагт болжээ. Тэрбээр уг наадмын олон тайзнаас хамгийн нэр хүндтэй нь болох Пирамидын тайзнаас ая дуугаа өргөсөн байна. Элтон Жон энэ жилийн Гластонбурийн хөгжмийн наадмын хаалтын тоглолтыг хийжээ.
Элтон Жоны тоглолт
Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихэд татсан бөгөөд тэрбээр төгөлдөр
хуурынхаа ард суун, олон хит дуугаа дуулсан байна.
Тодруулбал, 1976
онд зохиосон, сүүлийн 10 гаруй жил дуулаагүй “Pinball Wizard” дуугаараа тоглолтоо эхлүүлж, “Bennie
and the Jets”, “Goodbye Yellow Brick Road”, “Your Song”, “Candle in the Wind”, “Tiny Dancer” ( “The Killers”
хамтлагийн гоцлол дуучин Брэндон Флауэрстэй хамтран), “I’m
Still Standing”, “Don’t Go Breaking My Heart” (Рина Саваяматай хамтран) зэрэг
хит дуунуудаа дуулсан байна.
Түүнчлэн 1974 онд зохиосон “Don’t Let the Sun Go Down On Me” дуугаа толилуулжээ. Энэ дууг Английн алдарт
дуучин, хөгжмийн зохиолч Жорж Майклтай (1963-2016) хамтран тоглосноор 1990-ээд
оны эхээр Англи, АНУ-ын чартыг тэргүүлж байв. Тэрбээр энэхүү дуугаа дуулахын өмнө “Жорж Майкл бол Их
Британийн хамгийн шилдэг уран бүтээлч, хөгжмийн зохиолчид, дуучдын нэг, надад
онгод өгдөг миний найз байлаа. Өнөөдөр тэрбээр 60 нас хүрэх байв. Энэ
дуугаа би түүний дурсгалд, түүний бидэнд үлдээсэн гайхамшигт хөгжимд зориулж
байна. Энэ дууг чамд зориулья, Жорж” хэмээн хэлжээ.
Элтон Жон хоёр цаг
гаруй үргэлжилсэн концертоо “Rocket Man” дуугаараа өндөрлүүлсэн байна.
Сэр Элтон Жон "Farewell Yellow Brick Road Tour" нэртэй сүүлчийн аялан тоглолтоо 2018 онд эхлүүлсэн боловч цар тахлын улмаас түр завсарлага авах шаардлагатай болсон юм. Нийт 333 концерт тоглохоор төлөвлөсөн энэхүү аялан тоглолт нь Стокхолм хотноо долоодугаар сарын 8-нд өндөрлөнө. Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын байдлаар 278 концерт тоглож, 817.9 сая ам.долларын ашиг орлого олоод байгаа бөгөөд хэдийнээ түүхэн дэх хамгийн их ашиг орлого олсон аялан тоглолт болоод байна. Түүний аялан тоглолт Британийн өөр нэг уран бүтээлч Эд Шираны "Divide" нэртэй аялан тоглолтын амжилтыг (776.4 сая ам.доллар) эвджээ. Ирландын рок дөрвөл "U2" хамтлагийн "The 360 Tour" аялан тоглолт 736.4 сая ам.долларын ашиг орлогоор гуравдугаарт бичигдэж байна.
"Rolling Stone" хөгжмийн сэтгүүлд мэдээлснээр, Элтон Жон хамгийн шилдэг уран бүтээлчдийн жагсаалтын 49 дүгээрт эрэмблэгдэж байна. Тэрбээр Грэммийн шагналыг таван удаа, Оскарын шагналыг хоёр удаа, "Алтан бөмбөрцөг" наадмын шагналыг хоёр удаа хүртэж, 1994 онд Рок-н-Роллын алдрын танхимд нэрээ мөнхөлжээ.