ДУНДГОВЬ: Дундговьд хэрэгжүүлэх эдийн засгийн ач холбогдол бүхий төслүүдийг танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотноо 6 дугаар сарын 22-23-нд болж буй “Нээлттэй Дундговь” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр тус аймгийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах ач холбогдол бүхий ХАА, аялал жуулчлал, ногоон байгууламжтай холбоотой олон чухал төслүүдийг танилцууллаа.
Дундговийн брэнд бий болгох, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийг цогцоор нь байгуулах асуудлыг олон жил ярьж байгаа ч үр дүнд төдийлөн хүрч чадаагүй байна. Говийн ургамлын шимт байдал, хөрсний онцлогтой холбоотой Дундговийн мах, сүү, айргийн амт, шимт тэжээл их хэмээн ярьдаг ч түүнийгээ брэнд болгон хөгжүүлж чадаагүй байгаа.
Тэгвэл Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр байгаль, цаг агаараас хараат байдаг мал аж ахуйн салбарт тулгамддаг асуудлыг шийдвэрлэн Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд байгуулахаар зорьж буй мах, сүү боловсруулах “Говийн шим” төсөл болон “Малын арьс ширэн түүхий эдийг биотехнологийн аргаар боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төслийг танилцуулсан нь чуулганы төлөөлөгчдийн сонирхлыг ихээхэн татлаа.
Төслийг санаачлагчид зах зээл, хэрэглэгч, нийлүүлэгчээ судалж, эрсдэлээ тоооцоолж, түүхий эдийн шим тэжээл, онцлогийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, олон талын судалгаа хийсний үндсэн дээр төслөө боловсруулсан нь энэ бөгөөд цаашид хөрөнгө оруулж, хамтран хэрэгжүүлэх сонирхолтой хүмүүст төслийн санаагаа ийнхүү танилцуулсан юм.
Хөдөө орон нутагт малаас гарч буй түүхий эдэд түшиглэн үйлдвэр байгуулахад хамгийн ихээр тулгамддаг асуудал нь байгаль цаг агаарын нөхцөлөөс хамааран түүхий эдийн нийлүүлэлт тасалдах асуудал байдаг бөгөөд түүнийг шийдвэрлэхийн тулд гидропоник технологийн ногоон тэжээл тариалах замаар сүү, махны үйлдвэрийг түүхий эдээр тасалдуулалгүй үйлдвэрлэлээ тогтвортой явуулах шийдлийг “Говийн шим” төслийг санаачлагч Х.Ганбаатар танилцуулсан бол биотехнологийн аргаар үхрийн ширээс коллаген, желатин, уураг ялган авах үйлдвэрлэлийн төслийг докторант Д.Дэлгэрмөрөн танилцуулсан.
Дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр тус аймагт Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээх зорилт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний зорилго, зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг болох ач холбогдолтой.
Чуулганы үеэр мөн тус
аймгийн аялал жуулчлалын хөгжил, ногоон байгууламж, томоохон хөрөнгө
оруулалтаар Дундговь аймагт хийж буй бүтээн байгуулалт, цаашид дэд бүтцийн салбарт
хийх шаардлагатай байгаа ажлуудын талаар ч яригдсан.
Дундговь аймаг 47.2 мянган хүн амтай, дотоодын нийт бүтээгдэхүүн 409.3 тэрбум төгрөг бөгөөд үүний 56.8 хувийг хөдөө аж ахуйн салбар, 30.2 хувийг худалдаа үйлчилгээ, 13.0 хувийг үйлдвэрлэл эзэлдэг.
Орон нутгийн төсвийн 58.0 хувийг аймаг өөрөө, 42.0 хувийг улсын төсвөөс татаас дэмжлэгээр бүрдүүлдэг ба орон нутгийн төсвөөс 15.7 тэрбум, улсын төсвөөс 36.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгааг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ онцолсон юм.
Тэрбээр чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Дундговь аймаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх, хүн амын тоогоо бодитой өсгөхийн тулд богино хугацаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн дэд бүтцийг нэмэгдүүлэх, бүс орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулж ханган нийлүүлэгч аймаг болох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бий болгон экспортлох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зэрэг хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлж, эдгээр асуудлыг төр, хувийн хэвшил хамтран шийдвэрлэх нь зайлшгүй” хэмээн онцоллоо.
Түүнчлэн малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, ноос боловсруулах, малын тэжээлийн ургамал тариалах, газрын ховор элемент хүрэн нүүрс, хайлуур жонш, мөнгө зэрэг байгалийн нөөцийг боловсруулах үйлдвэр байгуулах, аялал жуулчлал, ногоон хөгжил, оёдол эсгүүрийн кластер гэх мэт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хөрөнгө оруулагчдын санал, санаачилгыг бүх талаар дэмжиж хамтран ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм.
Хөрөнгө оруулалтын чуулганд Монгол Улсын Ерөнхий сайдын
Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө
оруулалтын газрын дарга Ч.Чимидсүрэн, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн
захирал С.Наранцогт, БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын ЗУНХУА
нийгэмлэгийн дэд тэргүүн Чай Фанпин, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн газрын
ахлах шинжээч Д.Мөнхжаргал болон уул уурхайн компаниуд, “Joinme.mn”, MORA ТББ болон орон
нутгийн безнис эрхлэгчид оролцжээ.