ДУНДГОВЬ: "Нээлттэй Дундговь" хөрөнгө оруулалтын чуулга, уулзалт Мандалговь хотноо эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь
/МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хөгжлийн асуудлаар хэлэлцэх “Нээлттэй Дундговь”
Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт өнөөдөр Мандалговь хотноо эхэллээ.
Тус аймгийн
нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэн, цаашид ХАА,
аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн орчныг
сайжруулах, цөлжилтийг бууруулах, сумыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл
ажиллагаа, зорилго, зорилтоо тодорхойлж, хамтын ажиллагааг бий болгох зорилго
бүхий тус чуулга уулзалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх бусад үйл ажиллагаа 2
өдөр үргэлжилнэ.
Тус чуулга
уулзалтыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж, үг хэлсний дараа Монгол Улсын
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтийг уншиж танилцууллаа.
Чуулга
уулзалтын үеэр Дундговь аймгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын
танилцуулга, “Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн
бодлого”, Төр хувийн хэвшлийн түншлэл”, “Дэд бүтэц, бүтээн байгуулалт”, “Аялал
жуулчлалын хөгжил” сэдвүүдээр илтгэл, мэдээлэл хийж, ХАА-н чиглэлээр хэрэгжих
“Говийн шим” болон “Агропарк”, “Жишиг сум” төслийг танилцуулах юм.
Түүнчлэн
өнөөдөр тус аймгийн “Бизнес хөгжлийн төв”-ийн нээлтийн ёслол зохион байгуулж,
“Нээлттэй Дундговь” үзэсгэлэнг нээж, хамтран ажиллах санамж бичиг байгуулах
ажээ.