Токиод “Харри Поттер” киноноос сэдэвчилсэн парк нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-06-16 16:00:39

ТОКИО. /Kyodo/. “Харри Поттер” уран зөгнөлт киноноос сэдэвчилсэн парк Японы нийслэл Токио хотноо нээгдэж, цуврал кинонд гардаг гайхалтай ертөнцөөр аялах хүсэлтэй шүтэн бишрэгчдээ хүлээн авлаа. 


The Warner Bros. Studio Tour Tokyo-The Making of Harry Potter” хэмээх энэхүү парк нь уран зөгнөлт цуврал киноноос сэдэвлэсэн хоёр дахь парк юм. Их Британи дахь нөгөө сэдэвчилсэн паркийг 2012 онд байгуулсан бөгөөд нээгдсэн цагаас нь хойш 17 сая гаруй хүн үзэж сонирхжээ.


Уран зөгнөлт уг цувралд Харри Поттерын өрсөлдөгч Драко Малфойн дүрийг бүтээсэн Их Британийн жүжигчин Том Фелтон паркийн нээлтийн ёслолд оролцож, тууз хайчлах ёслолын ажиллагаанд оролцсон бусад япон хүүхдүүдийн хамтаар “шидэт шившлэг хийжээ”.


Паркийг үзэж сонирхохоор ирсэн хүмүүсийн нэг болох Токиогийн оффисын ажилтан, 26 настай Аяка Мүраямагийн хувьд нөмрөг зүүж, шидэт саваа, Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн Харри Поттерын тухай цуврал зохиолоос нэгийг нь барин иржээ. Тэрбээр, “Миний хувьд бага ангид байхаасаа эхлэн энэхүү цувралын шүтэн бишрэгч байсаар ирсэн. Шидтэний ертөнцийг ийм ойроос мэдрэх боломжтой болсондоо маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.


Үзэгчид киноноос сэдэвлэсэн гайхалтай ертөнцөөр аялахаас гадна паркийн зоогийн газар, кафенуудад үдийн цай уух, мөн загас, чипс, шарсан үхрийн мах зэрэг британи маягийн хоол ундыг зооглож, зохиол, киноноос сэдэвлэсэн янз бүрийн ундааг амтлах боломжтой байна.


Паркийн үйл ажиллагааг Warner Bros. Studios Japan” компани хариуцаж байгаа бөгөөд 18 болон түүнээс дээш насныханд 6300 иен /45 ам.доллар/, 12-17 насныханд 5200 иен, 4-11 насныханд 3800 иенийн үнэтэй тасалбаар үйлчлэх юм байна. 


Токио хотын Нэрима дүүрэгт байрлах уг паркийг нийслэл хотын хамгийн том соёл амралтын хүрээлэн болох “Toshimaen” байрлаж байсан 30 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд байгуулжээ. “Toshimaen” парк нь 2020 оны наймдугаар сард хаагдах хүртлээ 100 орчим жил үйл ажиллагаа явуулсан байна. 

相关新闻