ДУНДГОВЬ: "Нээлттэй Дундговь" хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-16 14:30:11
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас тус аймгийн дэд бүтэц, ХАА, аялал жуулчлал, ногоон хөгжил, жишиг сумыг хөгжүүлэх асуудлаар "Нээлттэй Дундговь" хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг 6 дугаар сарын 22-23-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус чуулга уулзалтад УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг, “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн газрын дарга Д.Эрдэнэбаяр, Сангийн яамны ХСХОГ-ын ТХОХ-ийн дарга Ж.Дэлгэржаргал нарын албаны хүмүүс оролцож, илтгэл тавьж мэдээлэл хийх аж.

Энэ үеэр аймгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон ХАА, аялал жуулчлал, ногоон хөгжил, жишиг сумын өнөөгийн нөхцөл, амжилт, цаашид хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Тус чуулга уулзалтын үеэр ХАА-н салбарт хэрэгжүүлэх “Говийн шим” төсөл, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дэмжлэгтэй хэрэгжүүлэх “Агропарк” төслүүдтэй танилцах боломжтой.

Түүнчлэн энэ үеэр “Нээлттэй Дундговь” үзэсгэлэн гарч, төрийн байгууллагууд нэг цэгээс үйлчилээ үзүүлж, “Бизнес хөгжлийн төв”-ийн нээлтийн ажиллагаа болох ба ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарна. Мөн Дундговь аймгийн бизнес эрхлэгчид болон ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн төлөөлөгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болох ажээ.

Ийнхүү дэд бүтэц, ХАА, аялал жуулчлал, ногоон хөгжил, жишиг сумыг хөгжүүлэх  асуудлаар хэлэлцэж, хөрөнгө оруулалт, бизнесийг холбосон бодлогын томоохон үйл ажиллагааг Мандалговь хотноо зохион байгуулахаар бэлтгэж байгааг аймгийн ЗДТГ-ын ХБТХО-ын хэлтэс мэдээллээ. 



相关新闻