ДОРНОГОВЬ: Бүрдэнийн элсэн сувилал эхний үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-16 12:16:15

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байдаг Бүрдэнийн элсэн сувилал энэ оны анхны үйлчлүүлэгчдээ зургаадугаар сарын 12-ноос эхлэн хүлээн авч байна.

Харин дараагийн ээлжийг өмнөх ээлжийн сувилуулагчдыг хүлээн авсан өдрөөс эхлэн бүртгэх бөгөөд үйлчлүүлэгчид сувилалд илгээх бичгээ авч нийгмийн даатгалын шимтгэлээ 2019 оноос хойш тасралтгүй төлсөн байх бөгөөд өвчний заалтаасаа хамаарч долоо хоногт 70000-90000 төгрөгийн төлбөр төлнө.

Төлбөр төлөөгүй иргэд байрлах байрны төрлөөс хамаарч хоногийн 67000-97000 төгрөг төлнө. Ид шид нь анагаах увидастай. Хүн зоны өвчнийг илааршуулж, оюун санаанд хүрч гайхагддаг элсэн сувилал нэг ээлжиндээ 100 гаруй хүн хүлээн авдаг.

Өмнөх нийгмийн үед улсын Клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нар Бүрдэнийн элс бөөрний хурц архаг үрэвсэл, үе мөч, давсагны үрэвсэл зэргийг анагаах шидтэй болохыг судалж тогтоосон байдаг.

Амрагч, сувилуулагчид ингэний буцалгаа уун, халуун элсний шарлага хийж, элсэн манхан, зүлэг ногоон талбай дээгүүр хөл нүцгэн алхаж, ер бусын ундаргатай булаг рашаан, мэлхийтэй худаг, өрхий, заг, суль, шаваг, цулхир, хөмүүл зэргийг үзэж говийн ургамал, байгалийн сонин сайхныг мэдэрдэг билээ.

相关新闻