ДУНДГОВЬ: 387 суралцагч элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. 2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт 6 дугаар сарын 15-нд улсын хэмжээнд эхэлж, Дундговь аймгийн 387 суралцагч шалгуулж байна.
Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан ЭЕШ-ын хуваарийн дагуу шалгуулагчид өчигдөр монголын түүх, англи хэлний шалгалт өгсөн бол өнөөдөр хими, газарзүй, нийгэм судлалын хичээлээр шалгуулж байна. Харин энэ сарын 17-нд биологи, математик, 18-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалт өгнө.
ЭЕШ-д математикийн хичээлээр 256, монгол хэлний хичээлээр 123, нийгмийн ухааны хичээлээр 218, англи хэлний хичээлээр 255, орос хэлний хичээлээр 3, газарзүйн хичээлээр 13, физикийн хичээлээр 104, биологийн хичээлээр 73, химийн хичээлээр 79, монголын түүхийн хичээлээр 16 хүүхэд шалгуулахаар бүртгүүлжээ.
Бүртгүүлсэн нийт суралцагчийн 12 хувь нь өмнөх оны төгсөгчид бол 88 хувь нь энэ хичээлийн жилд Сайнцагаан, Эрдэнэдалай, Гурвансайхан, Дэлгэрхангай сумын 8 сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа юм.
2022 онд Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд ЭЕШ-д өндөр оноо авсан 80 хүүхдийг урамшуулж байсан бол 2023 онд 800 оноо авсан сурагчдад урамшуулал олгож, их, дээд сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлнэ гэдгээ аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ЭЕШ-тын нээлтийн үеэр мэдэгдэж, оролцогчдод амжилт хүслээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.