ГОВЬ-АЛТАЙ: Цусны донорууд жилд 500-600 хүнд амьдрал бэлэглэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт 250 орчим донор цусаа хандивлаж, жилд 500-600 хүнд амьдрал бэлэглэдэг.
Говь-Алтай аймагт анх 1967 онд Ардын эмч н.Жамбал Цусны станц нэртэй байгууллага үүсгэн байгуулж, өдгөө 56 жил үйл ажиллагаа явуулж Цусны төв болон өргөжин хөгжжээ. Тус төвд 250 орчим донор цусаа хандивлаж жилд 500-600 хүнд амьдрал бэлэглэдэг бөгөөд жил ирэх тусам цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэж байгаа. Цусны донорууд бол бидний дунд амьдарч буй эгэл баатрууд юм. Тиймээс ч бид эдгээр эрхэм хүмүүсээ жил бүр алдаршуулан, залуу үеийнхэнд сурталчлан таниулж, доноруудын тоог нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг хэмээн холбогдох албанаас онцлон мэдээлэв.
Сонирхуулахад, нэг донорын нэг удаагийн өгсөн цус гурван хүний амь авардаг ажээ.
Жил бүрийн зургаадугаар сарын 14-нийг Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Өнөө жил энэхүү өдрийг “Тогтмол хугацаанд цус, сийвэнгээ бэлэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ.