"Цаглашгүй үр" киног Дарханы үзэгчдэд толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГАНУ-ын ЭСЯ-наас санаачлан "Америкийн кино өдөрлөг 2016"-ийг Дархан хотноо энэ сарын 13-14-нд зохион байгуулна.
Өдөрлөгийн хүрээнд олон улсын дөрвөн кино наадмын шагналыг хүртсэн “Цаглашгүй үр” киноны найруулагч Сайнди Мклеод тус хотод айлчилж, эл бүтээлийн тухай ярилцлага хийх юм. Мөн аймгийн дунд сургуулиуд болон их дээд сургуулиудын хүүхэд залуус, иргэний нийгэм, газар тариалангийн салбарынхантай уулзалт хийхээр төлөвлөжээ.
Тэрбээр кино бүтээх ажлын томоохон хэсгүүдийн ихэнхэд нь ажилласан арвин туршлагатай, Америкийн Кино академийн шагналд нэр дэвшигч, бие даасан кино уран бүтээлч юм. Эл бүтээл нь түүний анхны бүрэн хэмжээний баримтат кино аж.
Тус кинонд хүмүүс бидний хоол хүнсний ирээдүйг хамгаалахын төлөө цаг хугацааг сөрөн уралдаж байгаа Кайри Фаулер гэх газар тариалан эрхлэгч нэгэн хүний түүхийг өгүүлнэ. Дэлхий даяарх үрийн банкууд сүйрч, үр тариа хомсдсоноос өлсгөлөн газар авч, уур амьсгалын өөрчлөлтийн эрчимтэй нөлөө газар тариалан эрхлэгчдийг хаа сайгүй нэрвэж байгаа үед энэхүү кино нь дэлхий дахинд тулгарч буй асуудлын талаар олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, хамтын арга хэмжээ авахыг уриалан дуудаж байгаа юм.
Дархан-Уул аймаг нь Монгол Улсын газар тариалангийн бүс нутгийн төв хэсэгт оршдог, улс орны газар тариалангийн хөгжилд арвин баялаг нөөцийг үйлдвэрлэгч аймгийн хувьд тус киног үзүүлж, энэхүү киноны найруулагч, түүний арга туршлагыг аймгийн газар тариалангийн салбарын мэргэжилтнүүд, сонирхогч хүмүүстэй холбон өгч, газар тариаланд тулгарч буй асуудлын талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх нь хоёр орны ард түмний хоорондын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж АНУ-ын ЭСЯ-ныхан үзэж байгаа аж.
Ж.Болор