Л.Эрдэнэбулган:Аугаа улсын дунд амьдарч явсны хувьд би эс дурдвал өөр хэн дурсах билээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГХатанбаатар Магсаржавын дүрээр үзэгч түмний сэтгэлд мөнхөрсөн, дэлхийн болон Монголын олон сонгодог бүтээлийг найруулан тавьсан УГЗ, найруулагч Лхагваагийн Эрдэнэбулганы амьдрал, уран бүтээлийг өгүүлэх “Их хувь заяа” дурсамж номын нээлт өнөөдөр УДБЭТ-т болов.
Тэрбээр “Би агуу мундагтаа ном бичүүлэх гэсэнгүй. Харин аугаа улсын дунд ажиллаж, амьдарч явсны хувьд тэднийхээ тухай би эс дурдвал өөр хэн дурсах билээ...” хэмээн эл номын утга учрыг зангидан тайлжээ.
Номын баярын нээлтэд тэрбээр, “Би Улсын дуурь бүжгийн эрдмийн театр хэмээх их айлтай ажил, амьдралын зам мөрөө холбоод 50 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд Монголын сор, сүлд болсон сайхан уран бүтээлчидтэй ажиллаж ирснээ “Их хувь заяа” гэж боддог. Тиймээс надад дурсах зүйл их бий. Энэ ном зөвхөн эхлэл. Цаашдаа би театрынхаа олон сайхан уран бүтээлчдээ дурсах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Энэхүү номд найруулагчийн төрснөөс эхлээд өнөөдрийг хүртэлх ажил, амьдрал замналыг үечилсэн хэлбэрээр, он цагийн дарааллын дагуу өгүүлжээ. Нэг уран бүтээлчийн амьдрал гэхээсээ илүү Дуурийн театрын тулгын чулууг тавилцаж байсан үе үеийн ахмад уран бүтээлчдийн дурсамжийг багтааснаараа онцлогтой.
Тус номын зохиолчоор С.Сумъяа, редактороор О.Эрдэнэ, хэвлэлийн дизайнераар Л.Мөнхболд нар ажиллажээ.
Түүнийг наймдугаар ангийн төгсөлтийн үдэшлэг дээр ангийнхан нь “Сохор Толяг дуул” гээд тайзан дээр гаргачихжээ. Өөрийгөө дуулдаг гэдгээ ч мэдээгүй явсан тэрээр “Аавын цагаан уул” хэмээх Монгол ардын дууг чадлынхаа хэрээр авч өгч. “Ёстой л санаанд оромгүй юм болж билээ. Дуулахыг минь сонссон улс алга нижигнэтэл ташиж, бүр дахиулдаг юм байна. Малын захад л амандаа гунганаж явснаас биш олны өмнө тэгж гарч байсангүй. Тэр үед л урлагийн нэг жижигхэн оч гялалзсан юм болов уу даа” хэмээн анх тайзан дээр гарснаа эл номондоо дурсан өгүүлжээ.
Түүний номын баярын нээлтэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Жигжидсүрэн, Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, МУГЖ В.Долгор болон найруулагч, зураач, жүжигчин зэрэг олон уран бүтээлчид хүрэлцэн иржээ.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр