ӨМНӨГОВЬ: Хорт хавдраас урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-19 16:37:03

Даланзадгад /МОНЦАМЭ/. Хорт хавдрын тусламж үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, цаг тухайд нь чанартай цогцоор нь хүргэх зорилгоор Хавдрын тусламж үйлчилгээг орон нутагт хөгжүүлэх шийдэл гарц” сэдэвт зөвлөгөөнийг Даланзадгад хотод энэ сарын 19-нд зохион байгууллаа.

 

Аймгийн ЗДТГ, ЭМЯ, ХСҮТ, НЭМҮТ-үүд хамтран зохион байгуулсан зөвлөгөөнд Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгийн ЭМГ болон эмнэлгийн удирдах ажилтнууд оролцож байна. 

 

Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 2023 онд хавдрын хими эмчилгээг аймгийн БОЭТ-д хийж эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

Аймгийн хэмжээнд 560 гаруй хорт хавдраар оношлогдсон хүмүүс байдгаас 300 гаруй нь химийн эмчилгээнд хамрагддаг.


Тодруулбал, БОЭТ-д хими эмчилгээ хийх зориулалт бүхий хавдрын тасгийг байгуулахаар хавдрын эмч болон 2 сувилагчийг ХСҮТ-д хими эмчилгээний чиглэлээр мэргэшүүлэн сургаж, хүний нөөцийг бүрдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн төсвөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэх бэлтгэл ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

 

“Хавдрын эсрэг аян-2023” үйл ажиллагааны хүрээнд хорт хавдрын тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, цаашид хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах арга замыг тодорхойлон орон нутгийн хүн амын хавдрын өвчлөл, эндэгдлийг бууруулахаар зорин ажиллаж байна.

 


Энэхүү зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор Нийгмийн эрүүл мэндийн төв болон ХСҮТ-ийн хавдрын мэс засал, элэг цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүд, толгой, хүзүүний мэс засал, дуран, хэт авиан оношилгоо, хавдар судлаач, эс судлаач зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг Өмнөговь аймагт 2023 оны 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд ажиллаж, иргэдэд үзлэг оношилгоо хийлээ.  

 


ХСҮТ-ийн Химийн тасгийн зөвлөх эмч Д.Алтанцэцэг:

Энэхүү аяныг анх 2011 онд эхлүүлж байсан. Энэ үйл ажиллагаа одоог хүртэл амжилттай хэрэгжээд явж байгаад баяртай байдаг. Учир нь бид олон ажлыг хийж хэрэгжүүлж, эрсдэлт бүлгийн хүмүүсийг үзэж оношлон, хорт хавдрын эрсдэлтэй болон эмчлүүлэх шаардлагатай хүмүүст зөвлөгөө эмчилгээг хийдэг. Нийгмийн эрүүл мэнд, сургалт сурталчилгааны ажлууд ч хийдэг.

Манай ажлын баг 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Даланзадгад хотод ажиллаж байна. Энэ бүс нутагт ажиллах хугацаанд эмчийн хяналтад байгаа иргэд их олон байна. Аймгийн хэмжээнд 560 гаруй хорт хавдраар оношлогдсон хүмүүс байдгаас 300 гаруй нь химийн эмчилгээнд хамрагддаг. Мөн хавдраа оношлуулаад, эмчлүүлээд эдгэрээд 10 гаруй жил эмчийн  хяналтад ороод явж байгаа өндөр настай иргэд ч байна. Харахад таатай байлаа. Иргэдийн дунд нийтлэг байдаг хорт хавдраар өвчилбөл нас бардаг эмчилгээгүй гэдэг ойлголт өрөөсгөл юм. Энэ бол эдгэдэг өвчин. Хамгийн гол нь эрт үед нь илрүүлэн эмчлүүлэх нь чухал үр дүнтэй. Тэгэхээр бидний аян яг үүнд л чиглэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр Өмнөговь аймаг хавдрын эсрэг томоохон үр дүнтэй ажлууд хийж байгаа юм байна. Хавдрын химийн эмчилгээний тасагтай болж эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэн шаардагдах багаж, техникээр хангажээ. Хэрхэн ажиллах чиглэлээр энэхүү зөвлөгөөний үеэр мэргэжилтнүүдээс арга зүйн зөвлөгөөг авлаа. Ирэх намраас тус тасгийн үйл ажиллагаа нь эхэлж, Өмнөговийн иргэд заавал хот хүрээ явж зардал мөнгө гэхгүй орон нутагтаа эмчилгээгээ авах боломжоор хангагдаж байгаа нь үр дүнтэй. Иргэдийн өмнөөс тун баяртай байгаа илэрхийлье. 

相关新闻