О.Орхон: Хөрөнгийн 85 хувийг стратегийн оруулагчдаас татаж, 15 хувийг нийтэд арилжина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-18 13:09:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Худалдаа хөгжийн банк” ХХК-ийн нээлттэй хүрээнд санал болгож буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид боллоо.

Ёслолын ажиллагааг "Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай нээж хэлэхдээ, “УИХ-аас 2021 онд Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, Монголын банкны салбар олон нийтийн хяналттай нээлттэй болох шинэ тогтолцоо руу шилжиж байна” гээд, банкны системд үйл ажиллагаа явуулдаг 5 банк энэ оны 6 дугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани буюу олон нийтийнх болох хуулийн үүрэг хүлээснийг тодотголоо. Тэрбээр Худалдаа хөгжлийн банк хувьцаагаа олон нийтэд санал болгож буй 4 дэх банк болж буйг онцлов.


"Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Орхон хэлэхдээ, “Манайх олон нийтэд хувьцаагаа гаргаснаар нийт 83.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ нийт дүнгийн 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагч нараас татаж, үлдэх 15 хувийг олон нийтэд нээлттэй арилжина” гэдгийг тодотголоо.

Тэрбээр, олон нийтэд хандаж буй анхдагч арилжаатай зэрэгцээд стратегийн хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ дүүрээд буйг онцолж хэлэв. “Бид цаашид шинэ стратегийн хүрээнд иргэн, ААН бүрд хүрсэн, тогтвортой ирээдүй, тогтвортой хөгжилд түүчээлсэн банк болоход зорин ажиллана” гэв.




相关新闻