Узбекистаны Ерөнхий сайд Мирзиеевийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-09 08:17:10

ТАШКЕНТ. /Anadolu/. Узбекистаны парламент пүрэв гарагт хуралдаж, Ерөнхий сайд Шавкат Мирзиеевийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Тус улсын Ерөнхийлөгч Ислам Каримов өнгөрсөн долоо хоногт 78 насандаа таалал төгссөн билээ.

Тус улсын Үндсэн хуульд “Ерөнхийлөгч албан тушаалаа хаших боломжгүй болсон тохиолдолд Сенатын танхимын дарга ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж заасан байдаг аж.

Харин Сенатын танхимын дарга Нигматилла Юлдашев түр ерөнхийлөгч болохоос татгалзсанаар Мирзиеевийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргажээ.

Мирзиеев нь 2003 онд Узбекистаны ерөнхий сайдаар томилогдсон байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх гурван сарын хугацаанд багтаан явуулахаар төлөвлөж байгаа бололтой.

Тархинд нь цус харвасны улмаас наймдугаар сарын 27-ноос хойш эрчимт эмчилгээнд ороод байсан Ерөнхийлөгч Ислам Каримов өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 78 насандаа таалал төгссөн юм.

Г.Доржханд

 

相关新闻