ОРХОН: Ипотекийн 3 хувийн зээлийг олгож эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Ипотекийн гурван хувийн зээлийг олгож
эхэлсэн талаар Монголбанкнаас мэдэгдлээ. Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө,
оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваадорж, Монголбанкны
Орхон аймаг дахь салбарын захирал С.Долгорсүрэн болон арилжааны банкны төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн
бодлого”-ын хүрээнд нийслэл Улаанбаатараас хөдөө, орон нутагт шилжин суурьшиж
байгаа иргэдэд орон сууцны гурван хувийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Үүний
дагуу Орхон аймагт өнөөдрийн байдлаар хоёр иргэнд 181 сая төгрөгийн зээл олгож
17 иргэний хүсэлтийг судалж байгаа ажээ.
Ипотекийн зээлийн жилийн хүү 6 хувь бөгөөд Засгийн
газраас хөдөө суурьшихаар шилжиж байгаа иргэдэд 50 хувийн хөнгөлөлт олгож төр
гурван хувийг, иргэн гурван хувийн хүүг төлөхөөр зохицуулсан юм. Гэхдээ иргэд
эхний гурван жилд гурван хувийн хүүтэйгээр зээлээ төлж дараагийн жилээс нь 6
хувийн хүүг төлөх юм. Ингэхдээ, иргэнд 100 хүртэлх сая төгрөгийг 360 сарын
хугацаатай олгоно. Уг зээлийг энэ оныг дуустал олгох бөгөөд зээлийн эх
үүсвэрийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг арилжааны банк гаргаж байна.
Ипотекийн гурван хувийн зээлд, нийслэл болон бусад орон
нутгаас шилжин ирж тухайн орон нутгийн харьяат болсон иргэнд мөн өмнө нь ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж
байгаагүй иргэн /тухайн аймгийнх/-д олгоно.
Зээлийг ХААН, ХХБ, Ариг, Транс, Богд,
Капитрон, Төрийн банк олгож байна.