Ж.Байден Ази, Номхон далайн бүсэд хийх айлчлалын хугацаагаа богиносгох төлөвлөгөөгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-16 14:27:38

ВАШИНГТОН. /Mainichi/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өрийн таазыг өндөрсгөхтэй холбоотой асуудалтай холбогдуулан Ази, Номхон далайн бүс нутагт хийх долоо хоногийн айлчлалаа богиносгох төлөвлөгөөгүй байна гэж Цагаан ордон даваа гарагт мэдэгджээ.


Ж.Байден “Долоогийн бүлэг”-ийн энэ оны дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөсний дагуу Японы Хирошима хотыг лхагва гарагт зорьж, дараа нь Папуа Шинэ Гвиней, Австралид холбогдох уулзалтуудыг хийнэ гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдээлсэн байна.


“Одоогоор айлчлалын хугацааг богиносгох, цуцлах талаар ямар нэгэн төлөвлөгөө байхгүй” гэж Ж.Кирби цахим хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч зургаадугаар сарын 1 гэхэд зарлаж болзошгүй байгаа дефолтоос зайлсхийхийн тулд Конгрессийн удирдлагуудтай хэлэлцээ хийж байгаа юм. Ж.Байден мягмар гарагт тэдэнтэй уулзах боловч бүгд найрамдахчууд өрийн дээд хязгаарыг өсгөх эсвэл түдгэлзүүлэх арга хэмжээ авах хүсэлтийг нь эсэргүүцсэн хэвээр байна. 

相关新闻