ОРХОН: Арваас дээш жил хамт амьдарсан хосуудын салалт их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон улсын Гэр бүлийн өдөр. Үүнийг угтаж Орхон аймаг өнгөрсөн амралтын өдөр “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнд “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөгийг зохион байгууллаа. Долоо хоногийн 24 цагийн турш “зогсолтгүй”, “тасралтгүй”, “амралтгүй” ажилладаг аав, ээж нар “Нэг өдөр ч гэсэн хүүхдэдээ цаг зарцуулъя” гэснээр хамаг ажлаа хаяад иржээ. Тэд хүүхдүүдтэйгээ цуг байсан. Тэд өөрөө, өөрсдөдөө цаг гаргасан. Энэ л өдөр тэд “Бүх хайраа гэр бүлдээ” зарцуулахыг хичээсэн.
Жилд 500 хос гэрлэлтээ бүртгүүлдэг
Орхон аймаг 106 мянган хүн амтай. Хүн амын тоогоороо
улсдаа эхний зургаад жагсдаг. Жилд дунджаар 2500 хүүхэд төрж, 600 гаруй хүн нас
барж, 500 орчим хос гэрлэлтээ батлуулж, 200 орчим хос шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулдаг.
Өнгөрсөн онд 523 хос гэрлэлтээ бүртгүүлснээс, 18-19 насандаа 12, 20-24 насандаа 131, 25-29 насандаа 182 хос гэрлэжээ. Гэрлэлтээ бүртгүүлж буй хосуудын дийлэнх нь 20-34 насныхан байна.
Харин 200 гаруй хос гэрлэлтээ цуцлуулснаас, 15-19 жил амьдарсан 53, 10-14 жил амьдарсан 55, 20-оос дээш жил хамтдаа амьдарсан 49 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.
Өнгөрсөн онд 645 хүн нас барснаас, 30-60 насандаа 438,
70-аас дээш насандаа 164 иргэн нас баржээ. Үүнээс харахад, идэр залуу насандаа
нас барж байгаа иргэдийн тоо өндөр байна. Энэ хэрээр бэлэвсэрч үлдсэн залуу
хүмүүс их байна гэсэн үг юм.
Орхон аймагт жилд дунджаар 2000-2500 хүүхэд төрдөг. Өнгөрсөн
онд 2051 хүүхэд төрсөн байна. Төрж буй эхчүүдийн насыг харвал, 25-34 насны
1147, 35-39 насанд 348, 40-44 насанд 88, 45-49 насны 4 эмэгтэй байна. 15-19 насандаа төрсөн 67
эмэгтэй байна.
Хүн амын 49 хувь эрэгтэй, 51 хувь нь эмэгтэй. Дундаж наслалт 73 байдаг. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт эрчүүдийнхээс илүү. Хөдөлмөрийн насны 100 хүн дунджаар 57 хүнийг “тэжээдэг” байна.
Гэр бүл таны бүтээж буй БҮТЭЭЛ юм
Эдгээр тоон мэдээллээс Орхон аймгийн гэр бүлийн ерөнхий
нөхцөл байдлыг дүгнэж болох юм. “Залуусын” гэх тодотголтой хотод залуучуудынх
нь гэр бүлийн боловсрол, өрх гэрийн эдийн засгийн чадамж хэр байгааг ч харж
болно. Гэрлэлтээ цуцлуулж байгаа хосуудын ихэнх нь гэр бүлээс гадуурх харилцаа, хадам болон
хамаатан садны нөлөө, архидалт, эдийн засгийн чадамж буюу хөдөлмөр эрхлэлт
нөлөөлж байна.
Тэгвэл эдгээр шалтгаан, нөхцөлийг хэрхэн бууруулах вэ? Нийгмийн энэ жижиг сегментийг хэрхэн чадавхжуулах вэ, өрхийн
гишүүдийг яаж урт наслуулах вэ, дундаж наслалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ,
эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн ачааллыг хэрхэн бууруулах вэ, төрөлтийн
насыг 15–аас бус 25–аас дээш насанд байх ёстойг хэрхэн ойлгуулах вэ зэрэг олон
асуудал байна. Мөн 10 жил хамт амьдарчихаад салах тухай бус харин ч яаж хамтдаа
урт, удаан аз жаргалтай амьдрах вэ гэдгийг ойлгуулах нь чухал байна.
Үүнийг төр бодлогоор, үйл ажиллагаагаар, өдөрлөгөөр,
сургалтаар гээд олон янзаар шийдэх гэж хичээж байна. Үүний нэг нь “Бүх хайраа
гэр бүлдээ” өдөрлөг байсан байх. Бүтэн сарын турш төр, төрийн бус байгууллага,
Эмэгтэйчүүдийн байгууллага хамтран Орхон аймгийн гэр бүл бүрд нөлөөлөх гэж
сургалт, судалгаа, өдөрлөг, тоглолт зохион байгуулсан. Хаалт нь “Бүх хайраа гэр
бүлдээ” нэгдсэн үйл ажиллагаа байлаа.
Бид бүх хайраа гэр бүлдээ өгөхийн тулд, утга, учиртайгаар
амьдарч сурахын тулд хувь хүн өөрийнхөө итгэл үнэмшлээс, үзэл бодлоос,
амьдралын хэв маягаа өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй юм. Хувь хүний хариуцлагын тухай ойлголтыг бага
наснаас нь өгч, дадуулж чадвал өнөөдрийн
бас маргаашийн сөрөг үр дүнг багасгаж чадах юм. Тэгэхээр гэр бүл гэдэг бол “Айл
гэрдэх” тоглоом биш амьдралаа утга, учиртайгаар өнгөрүүлэх, хамтын үнэ цэнийг
бүтээж, хамтдаа жаргалтай байх таны бүтээж буй БҮТЭЭЛ чинь юм.