ӨВӨРХАНГАЙ: Гишүүдийн тоонд нийгмийн бүлгийн төлөөллийг оруулах хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Хархорин /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Хархорин сумын иргэдтэй уулзалт хийж, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт иргэд саналаа хэлэв.
Гишүүдийн тоог нэмснээр олон намын төлөөлөл орж ирэх боломж бүрдэх учраас 108 хүртэл нэмж болно. Үүнд нийгмийн бүлгийн төлөөллийг заавал хамруулах ёстой, хүнээ зөв таньж нэр дэвшүүлэх хэрэгтэй. Гишүүдийн тоог дагаад зөвлөх, туслахын тоог нэмэхгүй байх, хариуцлага, хяналтыг чангатгах гэсэн саналыг дийлэнх иргэд хэлж байлаа.
Мөн цалин, тэтгэвэр нэмэгдсэн ч үнийн өсөлтийг хөөгөөд гүйцэхээ байсан. Үүнээс шалтгаалж иргэдийн амьдрал доройтож байгааг, нүүрсний хэрэг, хөгжлийн банкны хэрэг бүдгэрээд алга болох вий гэсэн болгоомжлолыг, нүүдлийн соёлыг хамгаалсан хуулийн заалт хэрэгтэйг, малчдын залгамж халаа тасрах асуудал үүсэж байгааг УИХ-ын даргад дуулгалаа.