ДОРНОГОВЬ: "Эгшиглэнт говь" сум сурталчлах соёлын өдрүүд үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-12 09:18:42

Сайншанд /МОНЦАМЭ/. “Нээлттэй Дорноговь” зорилтот жил, говийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойн хүрээнд "Эгшиглэнт говь" сум сурталчлах соёлын өдрүүд үргэлжилж байна.

Ирэх амралтын өдрүүдээр Даланжаргалан, Дэлгэрэх сум өөрийн нутгийн онцлог соёл, гар урлалын үйлдвэрлэл, урлагийн тоглолт, нутгийн хөгжил дэвшлийн талаар аймгийн иргэдэд сурталчлахаар бэлтгэж байна.

Тухайлбал Дэлгэрэх сумын нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлт нь ХАА-н үйлдвэрлэл, үйлчилгээнд тулгуурладаг бөгөөд нийт малынхаа тоогоор  аймагтаа хоёрдугаар байрт, нэг хүнд ногдох малынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг. Шилмэл омгийн “Дэлгэрэхийн улаан” ямаа, хурдны угшлын Галсанбанди, Дэндэв тайж адуугаар ялгардаг бол Даланжаргалан сум боржгины соёлыг сурталчилж, Их нартын байгалийн нөөц газрын унаган төрхийг хадгалж буйгаараа онцлог юм.

2023 оны тавдугаар сарын 6-нд Айраг сумын Соёлын өдрөөр эхэлсэн үйл ажиллагаа зургаадугаар сарын 18-нд Эрдэнэ сумын Соёлын өдрөөр өндөрлөнө. Соёлын өдрүүдээр тухайн сум өөрийн нутгийн онцлог байдал, аж ахуйн нэгжийн танилцуулга, гар урлал, соёлын үйлдвэрлэлийг олон нийтэд таниулан сурталчилж, урлагийн тоглолт зохион байгуулж буй.

相关新闻