ЗАВХАН: Отгонтэнгэрийн халуун рашааныг "мөнх ус" гэж нэрлэдэг байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Урин дулаан цаг ирсэнтэй
холбогдуулан Монгол орны хамгийн
эрэлттэй томоохон рашаан, сувиллуудын нэг
болох Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр рашаан сувиллын
мэдээллийг хүргэж байна.
“Отгонтэнгэр” рашаан
сувилал нь Алдархаан
сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр, Улаанбаатараас 1210 километрийн алсад,
Отгонтэнгэр уулаас зүүн хойш, бага Отгонтэнгэр уулын ар хормойд, ойн бүсийн
дээд хязгаарт, Рашаан голын хөндийд далайн түвшнээс дээш 2500 метрт
байдаг.
Рашаан сувиллын орчин нь мөнх цаст мөсөн голоос эх авсан
цэнгэг уст гол горхи, тагийн болон ойт хээрийн бүсийн ургамал, мод бут
холилдсон ойн зурвас вансэмбэрүү, алтангагнуур, бэрээмэг, хонин арц зэрэг нэн
ховор ургамлууд, буга, аргаль, янгир, хүдэр, шилүүс, чоно, үнэг, тарвага зэрэг
ан араатан амьтад нутгийн шүтээн рашааны могой, төрөл бүрийн шувууд загасаар
баян өндөр уулын бичил уур амьсгалтай, жилд 200-300 мм хур тунадас унадаг. Агаарын жилийн дундаж температур
цельсийн +13-аас -40 хэмийн хэлбэлзэлтэй, байгалийн ховор үзэсгэлэнт Монгол Улсын дархан цаазат газар юм.
Сонирхуулахад: Отгонтэнгэрийн халуун рашааныг анх нутгийн анчид нээж "Мөнх ус" хэмээн нэрлэж нутгийн ардууд болон ойр орчмын нутаг хошуудаас олон тооны хүмүүс ердийн хөсгөөр ирж орох, уух зэргээр хэрэглэж байсан домог бий.
Отгонтэнгэрийн халуун рашааныг зуны дунд сараас намрын
тэргүүн сарыг дуусах хүртэл хугацаанд ашиглаж ирсэн уламжлалд тулгуурлан 1954
онд 50 ортой улсын рашаан сувилал байгуулсан нь эдүгээ хүртэл тасралтгүй
ажиллаж байна. Отгонтэнгэрийн рашаан нь 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1
хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах
боломжтой аж.
Рашааны химийн найрлага нь:
-Хийн бүтцээрээ азот хий 85-93 хувийг эзлэх азот зонхилсон, азот хий 50-60 хувь, хүхэрт устөрөгч 8.5-31.8 хувийг эзэлсэн азот хүхэрт устөрөгч холилдсон хоёр бүлэгт хуваагдах +13C градусаар +55С градусын халуунтай 350-370мг/л эрдэсжилттэй, сул шүтлэг хүхэрт устөрөгч бүхий азотын халуун рашаан. Хүхэрлэг хар шавартай. Бүтэц найрлага, эмчилгээний идэвхийн байдал нь бүгд судалгаагаар нарийн тогтоогдсон байдаг.
Тулгуур хөдөлгөөний эрхтний өвчин, зүрх судас, цусны эргэлтийн дутмагшил, нэг үеэс хэтрээгүй үед, зах мэдрэлийн системийн өвчин, судасны өвчин арьсны өвчин, (хайрст үлдийн эдгэрэлт, хязгаарлагдмал нейродермит, намарс, арьсны загатнаас өвчнүүд, харшлын гаралтай арьсны үрэвсэлт өвчний хурц биш үе) гуурс хоолойн архаг үрэвсэл, дунд чихний архаг үрэвсэл зэрэг өвчнийг эмчилдэг.
Рашааныг уух, орох, шавар
тавих, биеийн тамир, бариа засал, зүү төөнүүр, физик, цахилгаан болон усан
эмчилгээ, эмчилгээний гимнастик хийлгэх замаар сувилдаг байна.
Харин төлбөрийн хувьд эрүүл мэндийн даатгал төлдөг бол эмчилгээ, хоол, байр үнэгүй.
Долоо хоног бүрийн 2, 4 дэх өдрүүдэд аймгийн төв Улиастайгаас нийтийн унаа 40 мянган төгрөгөөр үйлчилдэг. Эрүүл мэндийн даатгалтай үйлчлүүлэгч 10 хоноход 10 мянган төгрөг, харин даатгалгүй иргэд хоногийн 50 мянган төгрөгийн үнэтэй амарч сувилуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг нь Улиастай суманд байрлах Отгонтэнгэрийн рашаан сувиллын төв байрнаас очиж мэдээлэл авах, 91021900, 99505998 утсаар холбогдох боломжтой аж.