АНЭУ ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орон болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДУБАЙ. /WAM/. Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) яриа хэлэлцээний түнш орон боллоо.
АНЭУ-ыг ШХАБ-ын үйл ажиллагаанд яриа хэлэлцээний түншээр оролцох тухай харилцан ойлголцлын санамж бичигт тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Энэтхэгт болсон тус байгууллагын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хүрээнд гарын үсэг зуржээ.
Уг баримт бичигт ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин, Энэтхэгт суугаа АНЭУ-ын Элчин сайд Абдель Насер аш-Шаали нар гарын үсэг зурсан байна.
АНЭУ-ын Гадаад хэргийн сайд шейх Абдалла бен Заид Аль Нахайян энэхүү үйл явдалтай холбогдуулан мэдэгдэхдээ, Евразийн улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийг хангахад ШХАБ-ын гүйцэтгэх үүргийг онцолж, "нэгдмэл зорилгод хүрэх улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ийм нэгдлүүд онцгой ач холбогдолтой" гэж онцлон тэмдэглэв.